Японы хилээр мах, махан бүтээгдэхүүн зэргийг нэвтрүүлэхийг хориглоно!

2025/1/21
1
2
   Япон Улс руу аялахад тохиромжтой улирал эхэлж байгаатай холбогдуулан Японыг зорих хүмүүсийн урсгал нэмэгдэж, жуулчдын хөл хөдөлгөөн идэвхжиж байна. Япон явах гэж байгаа зорчигч, жуулчид мах, махан төрлийн бүтээгдэхүүн болон хүнсний ногоо зэргийг хилээр авч орохыг хуулиар хатуу хориглодог болохыг анхаарна уу.
 
Анхааруулга
・Японы хилээр мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэргийг нэвтрүүлэхийг хуулиар хатуу хориглодог бөгөөд эдгээрийг хилээр авч орохыг оролдсон тохиолдолд хүнд шийтгэл (3 жил хүртэл хорих, эсвэл 3 сая иений торгууль, аж ахуйн нэгж бол 50 сая иений торгууль) ногдуулах болохыг анхаарах.
・Санаатайгаар авчирсан нь тогтоогдвол цагдаад мэдэгдэх болохыг анхаарах.
・Хилээр орох гарахыг хориглосон хууль бус эд зүйл авч явсан хэргээр баривчлагдсан тохиолдол байдаг.
・Импортлох боломжгүй малын гаралтай бүтээгдэхүүнийг биедээ авч явбал тухайн улсад нэвтрүүлэхгүй байх тохиолдол байдаг.
・Японд ирэхдээ бусад улсад өмсөж хэрэглэсэн ажлын бохир хувцас, ажлын гутал зэргийг авчрахгүй байх.
・Японд ирэхээсээ 7 хоногийн өмнөөс үхсэн болон амьд мал амьтанд хүрэхгүй байх.
Мөн Японд ирснээс хойш долоо хоногийн хугацаанд мал амьтанд хүрэхгүй байх.
・Олон улсын шуудангаар ч мөн мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэргийг илгээх боломжгүй тул эх орондоо байгаа гэр бүл, найз нөхдөдөө сануулж мэдээлэх.
(Олон улсын шуудангаар шалгагдаагүй мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэргийг хүлээн авсан тохиолдолд Мал хорио цээрийн газар, Ургамал хамгаалах цэгт хандах)
 
Японд аялах үедээ тухайн орны соёл, дүрэм журмыг мөрдөн аялна гэдэгт итгэлтэй байна.