Архангай аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

2023/3/14
1 Засаг дарга Б.Цэрэннадмид болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
 3 дугаар сарын 13-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Архангай аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг оролцлоо.
 
 Засаг дарга Б.Цэрэннадмид “Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн нөр их ажлын эхлэл болж, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон биеийн тамирын заалны засварт хөрөнгө оруулалт хийж буй Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд аймгийнхаа нийт ард иргэдийг төлөөлөн мөн хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээв.
 
 Төслийн хүрээнд Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б байр болон биеийн тамирын зааланд их засварын ажил хийгдэнэ. 2000 онд ашиглалтад орсон тус сургуулийн Б байр болон биеийн тамирын заал нь олон жилийн ашиглалтын явцад дээврээс дусаал гоожих, хуучирч муудсан дулааны шугам доголдохын зэрэгцээ цонхны хүрээгээр хүйтэн агаар орж анги танхимын дулаан ихээр алдагддаг. Түүнээс гадна биеийн тамирын заалны цонх хагарч цуурсан, цахилгааны шугамын гэмтэл зэргээс үүдэн Мэргэжлийн хяналтын газар 2021 оноос ашиглалтыг зогсоох хүртэл нөхцөлд хүрч сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдалд хүндрэл үүсээд байна. Уг төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох таатай орчин бүрдэх юм.
 
 Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг  хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол дахь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 592 дахь, Архангай аймагт хэрэгжих 21 дэх төсөл болж байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 223,672 ам доллар (758,052,001  орчим төгрөг) юм.
3 Уулзалтын үеэр
4 Дурсгалын зураг