Япон Улсын “Эй Ар Си” ХК болон Монгол Улсын технологийн коллежууд аж үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов

2024/3/29
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Дурсгалын зураг
 3 дугаар сарын 28-ны өдөр, “Эй Ар Си” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Ота болон Монголын гурван технологийн коллеж (“Монгол Коосэн” технологийн коллеж, ШУТИС-Коосэн технологийн коллеж болон Шинэ Монгол технологийн коллеж)-ийн төлөөлөгчид аж үйлдвэр, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тус арга хэмжээнд Элчин сайд М.Игавахара оролцож үг хэлэв.
 Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “Япон, Монгол хоёр орны харилцаа зөвхөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагаагаар хөгжих боломжгүй. Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагаанд Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээс гадна, хувийн хэвшлийн “Эй Ар Си” ХК чухал үүрэг гүйцэтгэж байгаад баяртай байна. Аж үйлдвэрийн салбарт ойрын ирээдүйд Монгол, Японы инженерүүд томоохон төслүүд дээр хамтран ажиллах нь тийм ч холын мөрөөдөл биш гэж бодож байна.” хэмээв.
 Эй Ар Си” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Ота “Энэхүү гэрээнд тулгуурласан хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй байна” хэмээв.
 Мөн гурван технологийн коллежийн төлөөлөгчид Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт дэмжлэг үзүүлж буй Япон Улсын дэмжлэгт талархахын зэрэгцээ, тус салбар дахь хүний нөөцийг улам бүр хөгжүүлэхэд “Эй Ар Си” ХК хамтран ажиллана хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.