Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Хиймэл оюун ухаанаар нээгдэх ирээдүй”сэдэвт лекц зохион байгуулагдав

2022/9/19
Лекцэд оролцогчид
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
  Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Японы Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран Токиогийн их сургуулийн  профессор Мацүо Ютакагийн “Хиймэл оюун ухаанаар нээгдэх ирээдүй” сэдэвт лекцийг 9 дүгээр сарын 15-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд болон, мэдээллийн технологийн салбарын төлөөлөл болох 130 хүн оролцов.
 
  Лекцийн эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Элчин сайд Х.Кобаяши нар мэндчилгээ дэвшүүлэв.
  Н.Учрал сайд мэндчилгээндээ “Хиймэл оюун ухааны салбар дахь Японы нэрт эрдэмтэн профессор Мацүогоос олон зүйлийг суралцахын зэрэгцээ хиймэл оюун ухаан болон цахим салбар дахь хоёр орны харилцаанд ахиц гарна гэдэгт найдаж байна” хэмээв.
  Мөн Элчин сайд Х.Кобаяши “Дэлхийн улс орнууд эдийн засгийн өсөлт, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийн хөдөлгүүр болж буй цахим хөгжлийн төлөө хүчин чармайлт гаргаж, хоорондоо өрсөлдөж байгаа үед Монгол Улс, монгол хүнд цахим салбар дахь томоохон боломж бий гэдэгт миний бие итгэж, уг салбар дахь манай хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлээсэй хэмээн хүсэж байна” гэлээ.
  Профессор Мацүо Япон дахь хиймэл оюун ухааны хэрэглээний тухай бодит жишээ дурдан тайлбарлахын хамт Монголын техникийн коллежид хиймэл оюун ухааны судалгаа, практик хэрхэн хөгжиж байгааг танилцуулав. Түүний дараа болсон асуулт хариултын үеэр сайд Н.Учрал профессор Мацүогоос Япон дахь цахим хөгжлийг дэмжих бодлого, түүний бодит жишээний талаар асуулт тавьсан юм. 
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв