Манай улс эрт дээр үеэс Такэшима байдаг гэдгийг мэддэг байсан тухай эртний олон ном сурвалж болон газрын зураг дээр тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 17 дугаар зууны эхэнд япон хүн Засгийн газар (Эдогийн Бакүфү)-ынхаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, Үцүрёо арал руу явахад Такэшимаг замын тэмдэг болгох, түр зогсоол болгон ашиглах мөн түүнчлэн далайн арслан болон хясаа зэрэг загасны ан агнуур хийх зорилгоор ашиглаж байв. 17 дугаар зууны дунд үе гэхэд манай улсын Такэшимаг эзэмших эрх баталгаажсан гэж үзэж болно.
1900-гаад оны эхэн үеэр Шиманэ мужийн Окиношимагийн иргэдээс эрчимтэй хөгжиж байсан далайн арслангийн агнуур явуулах нөхцлийг тогтворжуулахыг шаардах явдал нэмэгдсэн байна. Энэ үед манай улс 1905 оны 1 дүгээр сарын Засгийн газрын тогтоолоор Такэшимаг Шиманэ мужид нэгтгэн, эзэмших хүслээ дахин нотлож, улмаар төрийн өмчийн газрын бүртгэлд бүртгэн далайн арслан авлах зөвшөөрөл олгох, төрийн өмчийн газрын төлбөр авах зэргээр засаглах эрхээ бусад улсын эсэргүүцэлгүйгээр тайван замаар тасралтгүй хэрэгжүүлж иржээ. Ийнхүү хэдийнээ баталгаажсан Япон улсын Такэшимаг эзэмших эрхээ орчин үеийн олон улсын хуулийн үүднээс ч бусад улс орнуудад илүү тодорхой нотлох боломжтой болсон юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа манай улсын нутаг дэвсгэрийн зохицуулалтыг багтаасан
Сан-Францискогийн Энхийн гэрээ (1951 оны 9 дүгээр сарын 8-нд гарын үсэг зурж 1952 оны 4 дүгээр сарын 28-нд хүчин төгөлдөр болсон)-ний төслийг боловсруулах явцад БНСУ уг гэрээний санаачлагч болох АНУ-ад хандан Японы харьяаллаас хасах шаардлагатай бүс нутагт Такэшимаг нэмж оруулахыг хүссэн. Гэсэн хэдий ч АНУ-ын тал “Такэшимаг БНСУ-ын нэгэн хэсэг хэмээн үзэж байгаагүй, Японы газар нутаг мөн” хэмээн БНСУ-ын саналаас илт татгалзсан. Энэ нь АНУ-ын Засгийн газрын олон нийтэд нээлттэй дэлгэн харуулсан дипломат бичиг баримтуудад тодорхой дурьдагдсан байдаг. Энэ мэт үйл явцаас үүдэн Сан-Францискогийн Энхийн гэрээгээр Япон улсын татгалзах шаардлагатай бүс нутагт “Чежү, Кёбүн болоод Үцүрёо арлуудыг багтаасан Солонгос” гэж заасан ба ингэхдээ Такэшимаг үүнээс санаатай хассан. Энэ мэтчилэн Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын дэг журмыг тогтоосон Сан-Францискогийн Энхийн гэрээгээр Такэшима нь манай улсын нутаг дэвсгэр мөн хэмээн нотлогдсон. Мөн энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш АНУ манай улсад хандан Такэшимаг
бөмбөгдөлтийн сургуулилалтын бүс болгон ашиглах хүсэлтээ илэрхийлсэн. Үүнийг хүлээж аваад Япон, Америк хоёр орны хэлэлцээрт тулгуурлан Такэшимаг
бөмбөгдөлтийн сургуулилалтын бүс хэмээн тогтоон Япон улс энэ тухай олон нийтэд мэдэгдсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын дэг журмын дагуу Такэшима Япон улсын газар нутаг гэдэг нь тодорхой хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Гэвч Сан-Францискогийн Энхийн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнөхөн буюу 1952 оны 1 дүгээр сард БНСУ нь
“Ри Синманы шугам” гэгчийг бий болгох нэг талын шийдвэр гарган тэрхүү шугам дотроо Такэшимаг багтаасан байдаг. Энэ нь олон улсын хуулийг илэрхий зөрчсөн үйлдэл бөгөөд үүнийг манай улс огт хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээгээд нэн даруйд эрс эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэсэн хэдий ч, БНСУ хожим Такэшимад байнгын харуулын ажилтан илгээж орон байр, ажиглалтын байр, гэрэлт цамхаг, хөлөг онгоцны зогсоолын байгууламж зэргийг барьж байгуулсан. Энэ мэтээр БНСУ-ын зүгээс Такэшимаг хүчээр өөрийн болгож буй нь олон улсын хуулийн үүднээс ямар ч үндэслэлгүй бөгөөд манай улс БНСУ-ад тухай бүрийд эрс эсэргүүцлээ илэрхийлэхийн хамт үүнийгээ зогсоохыг шаардаж ирсэн билээ. Энэхүү хууль бус эзлэн түрэмгийлэлд үндэслэсэн аливаа арга хэмжээ нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд газар нутгийг эзэмших эрхийг тодорхойлоход аливаа нэгэн хуулийн үйлчлэл үзүүлэхгүй болно. (Жич 1) (Жич 2)
Дайны дараа энхийг эрхэмлэгч улс орны замналаар тууштай замнаж ирсэн манай улс Такэшимагийн эзэмших эрхийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө 1954 оноос өнөөг хүртэл 3 удаа
Олон улсын шүүхээр хэлэлцүүлэх саналыг гаргаж ирсэн боловч БНСУ-ын тал тухай бүрийд эсэргүүцэж байсан. Олон улсын хамтын нийгэмлэгт олон талаар чухал үүрэг гүйцэтгэж буй БНСУ нь олон улсын хуулийн дагуу шийдвэрлэх тал дээр хойш сууж байгаад туйлын их харамсаж байгаа ч гэлээ манай улс үргэлжлүүлэн олон улсын хуульд тулгуурлан тайван бөгөөд энхийн замаар маргааныг шийдвэрлэхийн тулд зохистой арга хэмжээ авах болно.
(Жич 1) 2012 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ли Мён Бак Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Такэшимад очсон. Түүнээс хойш ч БНСУ-ын Засгийн газар, Парламентын холбогдох албаны хүмүүс Такэшимад очсон ба сүүлд 2016 оны 7 дугаар сард “Солонгосын Минжү (Ардчилсан) нам”-ын дарга асан Мүн Жэ Ин очсоны дараа 8 дугаар сард Сэнүри намын гишүүн На Гён Вон тэргүүтэй Парламентын нийт 10 төлөөлөгч тус арал дээр очсон. Манай улс энэ асуудал үүсэх бүрийд, энэ нь Такэшимагийн эзэмших эрхтэй холбоотой манай улсын байр сууринаас авч үзэхэд хүлээн авах боломжгүй үйлдэл бөгөөд үүнд туйлын харамсаж буйгаа БНСУ-ын Засгийн газарт илэрхийлээд дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг тууштай шаардахын хамт эрс эсэргүүцсээр ирсэн.
(Жич 2) Олон улсын хуулийг зөрчсөн “Ри Синманы шугам”-ыг зөвхөн нэг талын шийдвэрээр тогтоосон нь Японтой газар нутгийг эзэмших эрхийн төлөөх маргаан дэгдээснээс хойш Япон улс тууштай эсэргүүцлийг үл харгалзан БНСУ-аас явуулж буй удаа дараагийн үйлдэл нь олон улсын хуулийн үүднээс нотлох чадваргүй бөгөөд газар нутгийг эзэмших эрхийг шийдвэрлэхэд аливаа нөлөө үзүүлэхгүй юм. Мөн Өмнөд Солонгос нь Такэшимаг эзлэн түрэмгийлж буй явдлаа эзэмших эрхээ сэргээх ажиллагаа хэмээн тайлбарладаг хэдий ч үүний тулд манай улс Такэшимад бодитоор хяналт тогтоон эзэмших эрхээ дахин нотолсон 1905 оноос өмнө БНСУ уг арлыг бодитоор хяналт тогтоон эзэмшиж байснаа нотлох шаардлагатай. Гэсэн хэдий ч БНСУ-ын талаас үүнийг илтгэх
ямар нэгэн үндэслэлийг огт гаргаж тавиагүй болно.