Элчин сайд М.Игавахара МУИС-д зочилж ном хүлээлгэн өгөв

2023/12/28
1 Элчин сайд М.Игавахара болон МУИС-ын захирал Д.Бадарч нар санал солилцов
2 МУИС-ын номын санд ном хүлээлгэн өгөв
 12 дугаар сарын 26-ны өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт МУИС-д зочилж, МУИС-ын захирал Д.Бадарчтай уулзан санал солилцов. Д.Бадарч захирлын зүгээс тус сургууль олон жилийн түүхийн явцад Япон Улстай өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлсэн бол Элчин сайд М.Игавахара Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэхэд цаашид ч дэмжин ажиллахаа онцлон дурдлаа. Энэ үеэр Японы “Nippon Foundation” байгууллагын дэмжлэгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлдэг “The Read Japan Progect” төслөөс олгосон 35 номыг хүлээлгэн өгөв. Энэхүү төсөл нь дэлхийн их сургуулиуд, судалгааны байгууллагуудад Япон орны тухай англи хэлээр хэвлэгдсэн номыг хүргэн, Японы талаар илүү өргөн хүрээнд гүн гүнзгий ойлголт өгөх зорилготой юм.
   Түүний дараа нь Элчин сайд М.Игавахара гэргий болон Д.Бадарч захирлын хамт МУИС-ийн харьяа нэгж болох Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв 2002 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 2 сая 63 мянга гаруй хүн тус төвөөр үйлчлүүлжээ. Эдүгээ гол төлөв бизнесийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, япон хэлний боловсрол олгох, харилцан ойлголцлыг дэмжих чиглэлээр монгол иргэдийн хүсэл, сонирхолд нийцсэн үйл ажиллагааг явуулсаар байна.
3 Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй танилцав
4 Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн холбогдох хүмүүсийн хамт