4. НҮБ болон АНУ “Япон Тэнгис” хэмээх нэршлийг хэрэглэдэг
2018/12/19

НҮБ болон АНУ-ын Засгийн газар “Япон Тэнгис” хэмээх нэршлийг албан ёсоор хэрэглэдэг.
“Япон Тэнгис” хэмээх нэршлийн талаарх НҮБ-ын зүгээс баримталж буй бодлогын тухайд2004 оны 3 дугаар сард, НҮБ нь “Япон тэнгис” нь тогтсон стандарт нэр бөгөөд НҮБ-ын албан ёсны баримт бичигт “Япон Тэнгис”-ийг стандарт нэрийн хувиар хэрэглэх ёстой гэсэн байр сууриа нотлов.
- Япон улсын Засгийн газар нь НҮБ-ын төв байрны ажлын албанаас Япон Тэнгисийн нэршлийн талаар лавласан бөгөөд, 2004 оны 3 дугаар сарын 10-ны өдөр НҮБ нь “Япон Тэнгис” хэмээх нэршил нь тогтсон стандарт нэр бөгөөд НҮБ-ын албан ёсны баримт бичигт “Япон Тэнгис”-ийг стандарт нэрийн хувиар хэрэглэх ёстой гэсэн байр суурьтай байна гэсэн албан ёсны хариу өгсөн юм. Япон болон БНСУ-ыг оролцуулсан нийт 192 гишүүн улстай хамгийн нийтлэг, төвийг сахисан олон улсын байгууллага бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтийн саналыг илтгэх тавцан болох НҮБ ч “Япон Тэнгис” хэмээх нэршлийг хүлээн зөвшөөрч байгаа нь дахин нотлогдов.
- Газарзүйн нэршлийн хувьд маргаан үүссэн тохиолдолд холбогдох тал тус бүрийн үзэл бодлыг илэрхийлсэн нэршлийн аль алийг нь бичих нь шударга явдал гэх буруу ойлголт бий. Харин НҮБ-ын ажлын алба энэ талаар тайлбар хийхдээ, холбогдох тал тус бүрийн үзэл бодлыг илэрхийлсэн нэршлийн аль алийг нь бичих нь уламжлалт НҮБ-ын арга барилыг эвдэх бөгөөд төвийг сахисан байдал алдагдана, мөн эсрэгээрээ төвийг сахин, шударга байхын тулд уламжлалт арга барилыг хадгалсан нь зүйтэй юм гээд уламжлалт арга барил болох “Япон Тэнгис” хэмээх нэршлийг дангаар үргэлжлүүлэн хэрэглэнэ хэмээх байр сууриа тодорхой илэрхийлсэн юм.
- НҮБ-ын байр суурийг бусад олон улсын байгууллагууд нэн даруй дагаж мөрдөх албагүй ч, төрөл бүрийн олон улсын байгууллагыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэг нь НҮБ-ын байр суурийг хүндэтгэн үзнэ хэмээн найдаж байна.
- АНУ-ын Газарзүйн нэршлийн хороо (U.S. Board on Geographic Names) нь АНУ-ын Засгийн газрын хэрэглэх газарзүйн нэршлийг нэгтгэх зорилгоор 1947 онд байгуулагдсан Засгийн газрын харьяа байгууллага юм. Энэ хороогоор батлагдсан тэмдэглэгээний чиглэлийг Төрийн департамент болон төр засгийн бусад бүх байгууллага дагаж мөрддөг бөгөөд төр засгийн байгууллагуудын хэвлэн гаргадаг хэвлэлийн материалуудад дээрх хорооны баталсан чиглэлд заасан нэршлийг ашиглах ёстой байдаг. Мөн АНУ-ын дотоодын бусад байгууллагуудад ч ижил нэршил хэрэглэхийг хатуу зөвлөдөг байна.
- АНУ-ын Газарзүйн нэршлийн хороо нь “Sea of Japan” (“Япон Тэнгис”)-ийг тухайн далайн бүсийг нэрлэх тус хорооноос хүлээн зөвшөөрсөн албан ёсны цорын ганц нэршил хэмээн албан ёсоор нийтэд зарласан бөгөөд АНУ-ын Засгийн газрын бүх байгууллагад “Sea of Japan” хэмээх нэршлийг хэрэглэхийг үүрэг болгосон бол АНУ-ын дотоодын бусад байгууллагуудад дээрх нэршлийг хэрэглэхийг хатуу зөвлөдөг юм.
(НҮБ-ын ажлын албаны боловсруулсан газрын зураг)