Японы Модернизац ба Хөгжил судлал цуврал лекцийн хүрээнд “Япон Улсын иргэдийн оролцоог хангасан Тээвэрт суурилсан хөгжлийн туршлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдав

2025/2/19
1 “Алмек” компанийн мэргэжилтэн Т.Абэ болон Монгол Улсын сайд, Хорин минутын хот Үндэсний Хорооны даргын зөвлөх Б.Батболд
2 Хэлэлцүүлгийн үеэр
   2 дугаар сарын 13-ны өдөр “ЖАЙКА” олон улсын байгууллагаас 20 минутын хот Үндэсний хороо, Нийслэлийн холбогдох байгууллагуудад зориулан Япон Улсын хот төлөвлөлтийн туршлагыг судлах хэлэлцүүлгийг зохион байгуулж, “Алмек” компанийн мэргэжилтэн Т.Абэ “Иргэдийн оролцоог хангасан Тээвэрт суурилсан хөгжлийн туршлага” сэдэвтэй илтгэл тавив. Уг хэлэлцүүлэгт Японы ЭСЯ-ны дэд тэргүүн К.Кондо оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Монгол Улсын сайд, Хорин минутын хот Үндэсний Хорооны даргын зөвлөх Б.Батболд, “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Т.Ёшимүра, Монгол Улсын холбогдох яам, тамгын газар, нийслэлийн харьяа байгууллагууд болон их сургууль, салбарын эрдэмтэн судлаачид зэрэг 50 гаруй хүмүүс оролцов.
   Т.Абэ мэргэжилтний зүгээс хотжилтоос үүдсэн олон асуудлууд Монгол Улсад жилээс жилд нэмэгдэхийн хэрээр уг асуудлыг оновчтой шийдвэрлэх нь туйлын чухал болохыг, мөн Япон Улс ч үсрэнгүй хөгжлийнхээ үед хотжилттой холбоотой тулгарсан олон асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэйг онцлон дурдаад Монгол Улсад иргэдийн оролцоог хангасан тээвэрт суурилсан хөгжлийг бий болгоход анхаарах асуудал, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр зөвөлгөө өгөв.
   Улаанбаатар хотод замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг хотжилтоос үүдсэн олон асуудлууд улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх хэлэлцүүлэг нь цаашид хот төлөвлөлтийн хөгжлийн асуудлуудыг хариуцан ажиллах мэргэжилтнүүдэд бодлого боловсруулах, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.