Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)-ийн 17 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа

2018/8/31
 
  1. 8 дугаар сарын 21-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS[1])”-ийн 17 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээг Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа. Үдэлтийн арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар оролцов.
  2. “JDS” хөтөлбөр нь ирээдүйд нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их дээд сургуулиудад суралцуулж, төгсөөд улс эх орныхоо хөгжлийн гол хөдөлгөгч хүч болохуйц боловсон хүчин болгон бэлтгэх зорилготой буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм.
  3. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 300 оюутан, залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 262 оюутан төгсөж ирээд Төрийн засаг захиргааны байгууллага, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
  4. Энэ удаагийн “JDS” хөтөлбөрийн 17 дахь ээлжээр Цүкүбагийн их сургуульд 4, Сайтамагийн их сургуульд 3, Кюүшүгийн их сургуульд 2, Хирошимагийн их сургуульд 2, Олон улсын их сургуульд 5, Хоккайдогийн их сургуульд /хувийн хэвшлийн/  2, Нагояагийн их сургуульд 2 оюутан буюу нийт 20 оюутан тус тусын мэргэжлээр 2 жилийн турш магистрантурт суралцана.
  5. Энэхүү хөтөлбөрийн шугамаар суралцах оюутан залуус нутагтаа буцаж ирээд тус тусын салбарт үр бүтээлтэй ажиллаж, манай хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
 
                                      
                                        Хүндэт зочид оюутнуудтай дурсгалын                             Элчин сайд М. Такаока мэндчилгээ  
                                                       зураг авахуулав                                                                    дэвшүүлж буй нь
  
                                      
                                        “JDS” хөтөлбөрөөр суралцах оюутны                             Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар
                                             төлөөлөл мэндчилгээ дэвшүүллээ                                           баяр хүргэж үг хэлэв

 
 
 
 
 
[1] JDS: The Project for Human Resource Development Scholarship by Japanese Grand Aid