Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөрийн 21 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ болов

2022/8/10
      “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн 21 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн ёслол, хүлээн авалт 8 дугаар сарын 8-ны өдөр Элчин сайдын өргөөнд болж өнгөрлөө. Уг арга хэмжээд БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн удирдлагын газрын дарга Д.Балжинням, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака болон холбогдох хүмүүс оролцлоо.
     Энэхүү хөтөлбөрөөр ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулан, тэд эх орондоо буцаж ирснийхээ дараа өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготойгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр бөгөөд Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 384 оюутан залуус Япон улсад  магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж засгийн газрын холбогдох байгууллага, их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
     JDS хөтөлбөрийн 21 дахь ээлжээр Япон Улсад суралцах оюутнууд нь Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,  Монгол банк, Хөгжлийн банкаас нэр дэвшигдэн шалгалтанд тэнцэж Кюүшүгийн их сургууль, Олон улсын их сургууль, Сайтамагийн их сургууль, Цүкүбагийн их сургууль, Хирошимагийн их сургууль, Мэйжигийн их сургууль, Нагаокагийн техникийн их сургуульд тус тусын мэргэжлийн дагуу суралцах юм.
Дурсгалын зураг татуулав
Элчин сайдХ.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
JDS хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг төлөөлж Г.Ган-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв