Дэлхийн соёлын өв “Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ын талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав

2018/10/5
9 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Монгол улсын Төв номын санд дэлхийн соёлын өв болох “Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ын талаарх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Уг эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун хөтлөн явуулж, уг хурлын нээлтэд зориулан БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр болон Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М.Такаока нар мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол орны зүүн хойд нутагт орших “Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” нь Чингис хааны өсөж төрсөн нутаг хэмээгдэн монголчуудын хувьд ариун дагшин газар байсаар ирсэн бөгөөд 2015 онд Дэлхийн соёлын өв болон албан ёсоор бүртгэгджээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар уг соёлын өвтэй холбоотой судалгаа шинжилгээний ажлыг хийдэг япон, монгол эрдэмтэд чуулж уг соёлын өвийн хадгалалт, хамгаалалт болон ашиглалтын талаарх зөвлөмжийг боловсруулан гаргалаа.
Харах:http://whc.unesco.org/ja/list/1440
 
“Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”
 
              
              Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүлж байгаа нь                 Эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэд