2. БНСУ-ын үндэслэлгүй үзэл баримтлал

2018/12/19
(1) Сүүлийн жилүүдэд “Япон Тэнгис” хэмээх цор ганц нэршлийг цөөн улс гэнэт эсэргүүцэх болов.
      1992 онд болсон НҮБ-ын Газарзүйн нэршлийг стандартчилах 6 дугаар хурлын үеэр БНСУ зэрэг улс орон “Япон Тэнгис” хэмээх нэршлийг эсэргүүцсэн байр сууриа анх илэрхийлсэн билээ. Үүнээс өмнө хоёр улсын хооронд ч, олон улсын хурал цуглааны үеэр ч “Япон Тэнгис” хэмээх нэршлийг эсэргүүцэх явдал гарч байгаагүй. Гэсэн хэдий ч БНСУ зэрэг улс орон Япон Тэнгисийн тэмдэглэгээг “Зүүн Тэнгис” гэж тогтох, эс бөгөөс “Япон Тэнгис” болон “Зүүн Тэнгис” гэх нэршлийг хамтад нь хэрэглэх шаардлагатай хэмээн эсэргүүцлээ гэнэт илэрхийлэх болов.
(2) Энэхүү эсэргүүцэл нь үндэслэлгүй зүйл юм.

А. БНСУ-ын үзэл баримтлал: “Япон тэнгис” хэмээх нэршил нь Японы газар нутгаа тэлэх бодлого болон колоничлолын дарлалын үр дүнд хэрэглэгдэх болсон

      Японы Засгийн газраас хийсэн хуучин газрын зургийн судалгаа XIX дүгээр зууны эхэн үе гэхэд “Япон Тэнгис” хэмээх нэршил нь бусдаас илүү түгээмэл хэрэглэгдэж байсныг нотолсон байдаг. Тухайн үеийн Япон улс нь хаалттай бодлогыг баримталж байсан бөгөөд “Япон Тэнгис” гэх нэршил тогтоход ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломж байгаагүй билээ. Тиймээс 19 дүгээр зууны сүүлийн хагасын “Японы газар нутгаа тэлэх бодлого болон колоничлолын дарлал”-аас үүдэн “Япон Тэнгис” хэмээх нэршил хэрэглэгдэх болсон гэх БНСУ-ын талын үзэл баримтлал нь бүхэлдээ үндэслэлгүй юм. Мөн сүүлийн үед 2.(3)-д өгүүлсэнчлэн Өмнөд Солонгосын засгийн газрын зүгээс ч “Япон Тэнгис” гэх нэршил нь Японы газар нутгаа тэлэх бодлого болон колоничлолын дарлалын үр дүнд хэрэглэгдэх болсон гэх нь үнэнд нийцэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохуйц судалгааны дүнг саяхан нийтэлсэн байдаг.

Б. БНСУ-ын талын үзэл баримтлал: Солонгосын хойгт өнгөрсөн 2000 жилийн турш "Зүүн Тэнгис" гэх нэршил хэрэглэгдсээр ирсэн

      БНСУ нь өнгөрсөн 2000 жилийн туршид “Зүүн Тэнгис” хэмээх нэршлийг хэрэглэсээр ирсэн гэх үзэл баримтлалынхаа үндэслэлийг гаргаж байгаагүй. Мөн өдгөө Өмнөд Солонгос дотооддоо “Зүүн тэнгис” гэх нэршил нь хэрэглэгддэг байлаа ч гэсэн “Зүүн тэнгис” нь ердөө л дотоодод хэрэглэгддэг нэршил бөгөөд тус далайн бүсийн тухайд олон улсын хэмжээнд урт удаан хугацааны туршид өргөнөөр хэрэглэгдсээр ирсэн нь зөвхөн “Япон тэнгис” юм.

В. БНСУ-ын талын үзэл баримтлал: “Япон Тэнгис” болон “Зүүн Тэнгис” гэсэн нэршлүүдийн аль алиныг нь хамтад нь хэрэглэх нь зүйтэй гэсэн НҮБ болон Олон Улсын Ус зүйн Байгууллага (ОУУБ буюу IHO)-ын тогтоол бий

      БНСУ нь “Япон Тэнгис” болон “Зүүн Тэнгис”-ийг хамтад нь хэрэглэх нь зүйтэй гэсэн НҮБ болон ОУУБ-ын тогтоол бий хэмээн байр сууриа илэрхийлж байгаа билээ.
      Гэвч НҮБ-ын газарзүйн нэршлийг стандартчилах хурлын III/20 дугаар тогтоол болон ОУУБ-ын А.4.2.6 дугаар техникийн тогтоол нь далайн булан тохой, хоолой зэрэг 2 болон түүнээс дээш улс орны эзэмшилд байгаа газрын гадаргууд хамаатай бөгөөд Япон Тэнгис зэрэг нийтийн далайд хамаардаггүй болно. “Номхон далай” болон “Атлантын далай”-тай хиллэн оршдог улс орнуудын аль нэг нь эдгээр нэршлийн эсрэг байр сууриа илэрхийллээ гээд хэд хэдэн нэршлийг хамтад нь ашигладаг болбоос эмх замбараагүй байдал үүсэх нь ойлгомжтой.
      Түүнчлэн 4.-д дурдсанчлан, НҮБ нь НҮБ-ын албаны баримт бичигт “Япон тэнгис” гэх стандартчилагдсан нэршлийг хэрэглэх ёстой гэсэн чиглэлийг барьж буй нь албан ёсоор нотлогдсон бол ОУУБ-аас хэвлэн гаргасан “Далай болон тэнгисийн зааг хязгаар” (S-23)-д ч тус тэнгисийн бүс нутгийн тухайд “Япон Тэнгис” хэмээх нэршил нь дангаар тодорхой тэмдэглэгдсэнээс харахад “Япон Тэнгис” болон “Зүүн Тэнгис”-ийн аль алиныг хамтад нь хэрэглэх нь зүйтэй гэсэн НҮБ болон ОУУБ-ын тогтоол үгүй гэдэг нь тодорхой байна.

Г. Үнэмшил багатай БНСУ-ын хуучин газрын зургийн судалгааны үр дүн

(A) “Дорнод Тэнгис” болон “Солонгос Tэнгис” гэх нэршлийг “Зүүн Тэнгис” гэсэн нэршилтэй адилтган үзсэн.
      БНСУ-ын талаас явуулсан хуучин газрын зургийн судалгааны дүн (2004 он: Зүүн Тэнгис нийгэмлэг)-гээс харахад “Дорнод Тэнгис (Oriental Sea)”, “Солонгос Тэнгис (Korea Sea, Sea of Korea)”-ийг “Зүүн Тэнгис (East Sea)”-тэй адилтган үзэж эдгээр нэршил ашиглагдсан газрын зургийн нийт тоог “Япон Тэнгис” гэх нэршил ашиглагдсан газрын зургийн нийт тоотой харьцуулсан байдаг.
     “Солонгос Тэнгис” болон “Зүүн Тэнгис” нь хоёр өөр зүйл гэдгийг дурьдах нь илүүц бөгөөд “Дорнод Тэнгис (Oriental Sea)” гэдэг нь “Өрнөдийнхний зүгээс харсан Дорнод тэнгис”-ийг хэлж байгаа бол “Зүүн Tэнгис” нь “Солонгосын хойгийн зүүн талд орших тэнгис” гэсэн утгатай. Иймд “Дорнод Тэнгис” болон “Зүүн Тэнгис” гэх нэршил нь гарал үүсэл болоод утга агуулгын хувьд огт өөр зүйлс болно. Түүнчлэн уг судалгааны дүнгээс үзэхэд “Зүүн Tэнгис” гэх нэршил нь бусад нэршилтэй харьцуулахад илт цөөхөн хэрэглэгдсэн байгаа нь илэрхий байна.
(Б) Японы судалгаа нь ижил газар нутгийг хамарсан БНСУ-ын судалгаанаас илүү өргөн цар хүрээг хамарсан байна.
      Манай улс нь Францын үндэсний музейд хуучин газрын зургийн судалгааг хийхдээ 1495 зураг судалсан бол Өмнөд Солонгосын тал тус музейд хийсэн судалгаандаа үүний гуравны нэг орчим буюу 515 зургийг хамруулсан бөгөөд судалгааны дүн нь манай хийсэн судалгааны дүнгээс огт өөр гарсан байна. (→5.) Япон улсын хийсэн судалгаа нь илүү өргөн цар хүрээг хамарсан нь илэрхий болно.
 
(3) Сүүлийн үед БНСУ-ын Засгийн газраас өөрсдийн үзэл баримтлалын зарим хэсгийг эгүүлэн татсан хэмээн ойлгогдохуйц судалгааны үр дүнг зарлалаа.
      БНСУ-ын Барилга, зам тээврийн яам (одоогийн Газар нутаг Далай тэнгисийн яам)-ны Газарзүйн мэдээллийн газар гэх Засгийн газрын агентлагаас 2007 оны 11 дүгээр сард эмхэтгэн гаргасан Хуучин газрын зургийн судалгаа -нд өнөөг хүртэлх Өмнөд Солонгосын талын судалгаатай (2.(2)Г) ижил төстэй асуудал дэвшүүлсэн хэсэг байгаа ч “19 дүгээр зуунаас (1830 оноос хойш) “Япон Тэнгис” гэх тэмдэглэгээг ашиглах нь эрс нэмэгдэх боллоо” хэмээн дурьдагдсан нь анхаарал татаж байгаа юм. Энэхүү судалгааны дүнгээс харахад ”Япон тэнгис” гэх нэршил нь 2.(2)А-д дурьдагдсан Японы газар нутгаа тэлэх үзэл хийгээд колоничлолын бодлогоос хавьгүй өмнө хэрэглэгдэх болсон гэдгийг БНСУ-ын Засгийн газар хүлээн зөвшөөрч байна хэмээн дүгнэж болох юм.