“Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх ёслол

2025/10/20
1 “ALL LIFE LINE NET” Төрийн Бус Байгууллагын Тэргүүн Кидокоро Такүо үг хэлэв
2 Сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөв
   10 дугаар сарын 15-ны өдөр, 2025 оны санхүүгийн жилд Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл”-өөс боловсруулсан байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүний ашиглалтын талаарх воркшоп болон сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулагдлаа.
 
   Энэхүү төслийг Японы төрийн бус байгууллага болох All Life Line Net ТББ-аас Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтран, тус сургуулийн харьяа “Монозүкүри” төвөөр дамжуулан хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд Монголын бага ангийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны хичээлийг илүү сонирхолтой байдлаар хүргэх үүднээс туршилтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэж тараахаас гадна багш нарт эдгээр хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар заах арга зүйн сургалтыг зохион байгуулдаг.
 
   Энэ удаагийн воркшопд Улаанбаатар хотын 60 сургуулийн 110 багш оролцсон ба шинээр боловсруулсан 3 төрлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг (хөшүүргийн систем, соронзон харилцан үйлчлэл, агаарын чийг хэмжигч) хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулж, үүний дараа сургууль бүрт сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөв. Энэхүү төслөөр дамжуулан бодит туршилтуудыг байгалийн ухааны хичээлд нэвтрүүлснээр Монгол хүүхдүүдийн шинжлэх ухааныг сонирхох сонирхлыг нэмэгдүүлнэ хэмээн найдаж байна.

   ※ Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж гэдэг нь: Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газраас санхүүжилт олгох тогтолцоо юм.
3 Арга хэмжээнд оролцсон зочид