Баянхонгор аймагт “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн төсөл хэрэгжинэ

2026/11/24
1 Элчин сайд М.Игавахара, Засаг дарга Э.Энхбат нар гарын үсэг зурж буй нь
2 Гарын үсэг зурсны дараа
 11 дүгээр сарын 20-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2026 онд “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх  "Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрыг засварлах төсөл"-д 167,752 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нар гарын үсэг зурав.
 
 Элчин сайд М.Игавахара Хүрээмарал сумын цорын ганц ерөнхий боловсролын сургууль болох тус сургуулийн барилга ашиглалтад орсноос хойш бүхэлдээ хуучирч муудсан бөгөөд ялангуяа халаалтын систем, цахилгааны шугам сүлжээний элэгдэл их байгаатай холбоотой сурагч хүүхдүүд болон багш, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, сургалтын орчныг сайжруулах нэн шаардлагатай талаар онцлон тэмдэглээд, энэхүү төслийг хэрэгжүүлснээр Баянхонгор аймгийн ирээдүй болох хүүхэд багачууд аюулгүй, тав тухтай орчинд эрүүл саруул өсөж хөгжих боломж бүрдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.
 
 Мөн Засаг дарга Э.Энхбат Хүрээмарал сумын сургуульд сумын төвд өссөн хүүхэд, малчны хотноос ирсэн хүүхэд хоёр нэг ширээнд тохой нийлүүлэн сууж, эрдэм номд шамдаж байна. Энэхүү төсөл нь хүүхэд багачуудын өдөр бүр хичээллэх орчныг сайжруулж, хойч үеийн дүү нарт нь ч үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна хэмээв.
 
 Энэхүү төслийн хүрээнд тус сургуулийн хичээлийн байрны гадна хана, халаалтын систем, цахилгааны шугам сүлжээ, цонх, хаалгыг иж бүрэн засварлаж, сургалтын орчныг сайжруулах зорилготой юм. Ингэснээр сурагч хүүхдүүд болон багш, ажилтнуудад аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан сургалтын орчныг бүрдүүлж, улмаар тухайн орон нутгийн бага, дунд боловсролын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
 
 Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос хойш 36 жилийн турш “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсын хэмжээнд 636 дахь, Баянхонгор аймагт хэрэгжих 26 дахь төсөл болж байна.
3 Дурсгалын зураг