Японы Кэнтэн үзэсгэлэнгийн нэрэмжит 8 дахь удаагийн хүүхдийн гар зургийн уралдаан болов

2022/10/6
1
   10 дугаар сарын 5-ны өдөр, тус ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Кэнтэн үзэсгэлэнгийн нэрэмжит 8 дахь удаагийн хүүхдийн гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслолд оролцлоо.
   Уралдааныг зохион байгуулагч Канагава мужийн Урчуудын холбоо 1996 оноос хойш Япон, Монголын хооронд урлагийн харилцааг өрнүүлж ирсэн бөгөөд хоёр орны найрамдалт, найрсаг харилцааг бий болгоход хувь нэмрээ оруулсаар байна. Дэд тэргүүн Ш.Кикүма хэлсэн үгэндээ “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн тэмдэглэлт ойн тохиож буй энэ жил хүүхэд багачуудаас олон гайхалтай бүтээл ирүүлсэнд баяртай байна” хэмээв.
   Шилдэг бүтээлүүдийг 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал МУБИС-ийн харъяа Багшийн сургуульд (хичээлийн 5-р байрны 304 тоот танхим) дэлгэн үзүүлсний дараа ирэх хавар Ёкохама хотод зохион байгуулагдах Кэнтэн үзэсгэлэнд тавьж олон нийтэд толилуулах гэж байна.