2020 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл

2021/1/4
a Цэдэндамба овогтой Батбаяр (Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсаас Куба Улсад суугаа Элчин сайд асан)
a Кон Аяа (Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн япон хэлээрх “Монгорү Цүүшин” сонины хянан тохиолдуулагч)
  12 дугаар сарын 1-ний (мягмар) өдөр, Япон Улсын Гадаад хэргийн яам 2020 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэх хувь хүн, байгууллагуудыг зарлав. Энэ жил 172 хувь хүн, 65 байгууллагад олгох болсон. Үүнд Монгол Улсаас Япон, Монгол хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан доорх 2 хүн хүртэх болсон байна.    

  Цэдэндамба овогтой Батбаяр (Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсаас Куба Улсад суугаа Элчин сайд асан)
  2007 онд Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн дарга болж, дипломатчаар ажиллахын зэрэгцээ түүхийн судалгаагаа үргэлжлүүлж, Япон, Монголын харилцааны талаар олон ном бүтээл бичиж хэвлэсэн. Монгол Улсын Гадаад харилцааны яаманд ажиллаж байхдаа Япон, Монголын Бодлогын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах зэрэг хоёр орны одоогийн найрсаг харилцааг бий болгох үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. 

  Кон Аяа (Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн япон хэлээрх “Монгорү Цүүшин” сонины хянан тохиолдуулагч)
  Монголын тухай мэдээг япон хэлээр нийтэлдэг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгорү Цүүшин” сонины редакцид япон хэлний хянан тохиолдуулах ажлыг хариуцан, Монголд амьдардаг япон иргэдэд мэдээлэл түгээх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн. Мөн Монголын Хөнгөн атлетикийн холбоонос зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах хорооны гишүүний хувиар оролцож олон улсын харилцааг олон жил тууштай дэмжиж ирсэн. Түүнчлэн Монгол дахь япон хэлний боловсрол, япон соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ч мөн адил хүчин чармайлт гаргаж ирсэн.
 
  Гадаад хэргийн сайдын өргөмжлөл нь олон улсын харилцааны бүхий л салбарт амжилттай ажиллан Япон Улс болоод бусад гадаадын улс орнуудтай найрамдалт, найрсаг харилцааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй хүмүүс дундаас онцгой амжилт гаргасан хувь хүн болоод байгууллагын тэрхүү амжилтыг сайшаахын хамт үйл ажиллагааг нь сайтар ойлгож, дэмжлэг үзүүлэхийг бүхий л хүмүүсээс хүсэх зорилготой юм.
 
 Холбоос :ГХЯ-ны хэвлэлийн мэдээ
https://www.mofa.go.jp/mofaj/press/release/press6_000706.html