Монгол Улсын Их Сургуулийн япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурав

2022/3/2
Төслийн гэрээнд гарын үсэг зурав
Дурсгалын зураг
  3 дугаар сарын 1-ний өдөр, Элчин сайдын өргөөнд 2021 оны Япон Улсын Засгийн газрын Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Монгол Улсын Их Сургуулийн япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төсөл”-ийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Монгол Улсын Их сургуулийн захирал Б.Очирхуяг гарын үсэг зурав. Тус төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд МУИС-ын Ази судлалын тэнхимийн эрхлэгч Ш.Эгшиг, Ази судлалын тэнхимийн Япон судлалын салбарын ахлах багш Т.Болдбаатар болон тус хэлмэрчлэхүйн тоног төхөөрөмжийг ашиглах япон судлалын салбарын багш нар оролцож, тус төсөл хэрэгжих болсонд талархал илэрхийлэв.
  Элчин сайд Х.Кобаяши “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн жил япон хэлний боловсролыг хамгийн олон жил олгож буй Монгол Улсын Их Сургуульд Соёлын өвсний үндэс төслийг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Цаашид Монгол Улсын Их Сургууль япон хэл, япон судлалын олон чадварлаг боловсон хүчнийг бэлтгэнэ гэдэгт найдаж байна” хэмээв. 
  Харин Монгол Улсын Их сургуулийн захирал Б.Очирхуяг мэндчилгээндээ “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ойн хүрээнд манай сургуульд энэхүү төсөл хэрэгжих болсонд баяртай байна. Тус төслийн хүрээнд олгогдох тоног төхөөрөмжүүд япон хэлний оюутнуудын орчуулгын практик чадварыг улам сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурдав. 
Санал бодлоо солилцов