Элчин сайд М.Игавахара Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгтэй танилцав

2025/1/24
1 Элчин сайд М.Игавахара засварын ажил хийгдсэн цэцэрлэгийн гадна орчинтой танилцаж буй нь
2 Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр
 1 дүгээр сарын 23-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгт зочлов. Тус цэцэрлэгт 2022 онд “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төсөл хэрэгжсэн ба дээвэр, гадна фасад, дулааны шугам, цэвэр бохирын шугам, 12 ариун цэврийн өрөөний засвар хийгдсэнээр эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдсэн юм. Уг арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр болон Монгол, Японы найрамдлын нийгэмлэгийн  удирдах зөвлөлийн гишүүд оролцов.
 
 Тус цэцэрлэгийн багш ажиллагсад, хүүхэд багачууд Элчин сайд Игавахараг халуун дотноор угтан авсны дараа, хэлсэн үгэндээ засвар хийсэн цэцэрлэгийн анги, танхимд цовоо сэргэлэн, хөөр баяслаар дүүрэн тоглон наадаж буй хүүхэд багачуудыг хараад баяртай байгаагаа дурдаад, цаашид хүүхэд багачууд эрүүл энх өсөн торниж, олон зүйлийг сурч мэдэхийг хүсэв.
  
 Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр энэхүү төслийг хэрэгжүүлсэн Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ засварын ажил хэрэгжсэн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсанд ихэд баярлаж байгаагаа дурдав. Мөн 113 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Нарангэрэл цэцэрлэгийн багш ажиллагсад болон хүүхэд багачуудад аюулгүй, ая тухтай сургалтын орчин бүрдүүлж өгсөнд талархал илэрхийлэв.
 
3 Цэцэрлэгийн багачуудын мэндчилгээ
4 Дурсгалын зураг