Монголын "Инженер, технологийн дээд боловсрол төсөл" Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шинэ лабораторийн нээлтийн ёслол

2022/10/28
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлэв
  10 дугаар сарын 26-ны өдөр, Японы Засгийн газрын  иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Инженер, технологийн дээд боловсрол төсөл"-ийн хүрээнд шинээр байгуулагдсан лабораторийн нээлтийн ёслол зохион байгуулагдав. Тус ёслолд Элчин сайд Х.Кобаяши, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар оролцов.
  2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү төсөл нь Монгол Улсын үйлдвэрлэлийн инженерийн боловсон хүчнийг Япон улсад суралцуулах замаар хөгжүүлж мөн лабораторт тоног төхөөрөмж нийлүүлэн инженерийн боловсрол олгох сургалтын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Уг лабораторид Монгол Улсад үйлдвэрлэсэн үнэт металл, ховор металлыг ашиглан эцсийн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг монголын уул уурхай, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай туршилтын тоног төхөөрөмж, биомеханик, робот, хиймэл оюун ухаан зэрэг шинэ аж үйлдвэрийн салбарт судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүллээ. ШУТИС нь эдгээр тоног төхөөрөмжийг ашиглан, Монгол Улсад аж үйлдвэрийг төрөлжүүлэх судалгааны үйл ажиллагаагаа өргөжүүлэн, гүнзгийрүүлэх боломжтой болох юм.
  Ёслолын арга хэмжээний үеэр, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Японы ард түмэнд талархал илэрхийлэхийн сацуу, уг тоног төхөөрөмжийг судалгааны ажилд хэрэглэснээр Монголын аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулах олон сайн үр дүн гарна хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Элчин сайд Х.Кобаяши шинээр байгуулагдсан лаборатор нь Японд суралцаж ирсэн боловсон хүчин идэвхтэй ажиллаж, монголын эдийн засгийг авч явах аж үйлдвэрийг бий болгоход чиглэсэн шинэ мэдлэг технологийн судалгаа, хөгжүүлэлтийг хийх гол чухал бааз болно гэдэгт найдаж байна хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.
Тууз хайчлах ёслол
4. Элчин сайд Х.Кобаяши, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар энэ удаа нийлүүлсэн тоног төхөөрөмжийн талаарх танилцуулгыг сонсов