Монгол-Япон сурагчдын хамтарсан гэрэл зургийн “ONENESS” үзэсгэлэн зохион байгуулагдав

2022/10/12
1 Дурсгалын зураг
2 Үзэсгэлэнгийн үеэр
  10 дугаар сарын 7-ны өдөр, Монголын Уран Зургийн Галерейд Монголын Гэрэл Зурагчдын
Нэгдсэн Холбооноос Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Монгол-Япон сурагчдын хамтарсан гэрэл зургийн “ONENESS” үзэсгэлэн нээлтээ хийв. Уг арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши болон Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, Хоккайдогийн Хигашикава хотын орлогч дарга Ичикава Наоки, Японы Гэрэл зургийн холбооны Ерөнхийлөгч Ёшино Хироаки нарын хүмүүс оролцлоо.
Элчин сайд Х.Кобаяши нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Тухайн соёл, түүхээс гадна олон зүйлийг давхар өгүүлэх гэрэл зураг бол үнэхээр биширмээр урлаг юм. Энэ урлагаар дамжуулан Япон, Монгол хоёр орны харилцан ойлголцол улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон дурдав.
Хоккайдогийн Хигашикава хотоос зохион байгуулдаг “Ахлах сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”-д 5 дахь удаагаа Монголын ахлах сургуулийн сурагчид оролцсоныг тохиолдуулан энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэнд Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо Хигашикава хотын ахлах сургуулийн 3-н сурагчийг урьж зохион байгуулсан юм. Түүнчлэн Хигашикава хотын орлогч дарга Н.Ичикава нээлтийн үеэр хэлсэн үгэндээ уг үзэсгэлэнг зохион байгуулсан болоод Монгол Улсад урьсанд талархан Монголоос 2 сурагчийг улсын сургуулийн дэргэдэх анхны япон хэлний сургууль (Хигашикава хотын япон хэлний сургууль)-д суралцуулах болсноо мэдэгдлээ.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болон “Япон, Монголын хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” тохиож буй энэ жил зохион байгуулагдаж буй энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэнгээр дамжуулан хоёр орны залуу үеийнхэнд тулгуурласан харилцан ойлголцол улам бүр гүнзгийрнэ хэмээн найдаж байна.
3 Гэрэл зургаар оролцсон Монголын ахлах сургуулийн сурагчидтай ярилцаж буй нь