УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн номын санд ном хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болов

2022/10/11
1
2
  10 дугаар сарын 5-ны өдөр, Японы “NIPPON FOUNDATION” байгууллагын дэмжлэгтэйгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгийн “THE READ JAPAN PROJECT” төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн номын санд ном хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, тус хүрээлэнгийн зөвлөх Т.Баярмаа, “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэд дарга Т.Ёшимүра нар оролцов.
  Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн жил “Япон лугаа адил хөгжье” хэмээх уриа дэвшүүлж, Японы олон янзын тогтолцооны талаарх судалгааг амжилттай явуулж байгааг мэдэх биз ээ. Өнөөдөр хүлээлгэн өгч буй эдгээр 70-н ном улс төр, соёл, нийгэм, эдийн засаг гээд олон салбарыг хамарч байгаа тул Монгол Улсын хууль тогтоогч эрхэм гишүүд болон Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд ажиллаж буй олон хүний хүртээл болж, ажил үйлсэд тань хэрэг болбол баяртай байх болно” хэмээв.
  Энэ төсөл нь дэлхийн олон төрлийн байгууллагад Японтой холбоотой англи хэлээр хэвлэгдсэн ном, товхимлуудыг хүлээлгэн өгч, Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд энэ удаа “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын саналыг хүлээн авч Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд 70 ширхэг номыг анх удаа хүлээлгэн өгч байна.
  Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил хүлээлгэн өгсөн номоор дамжуулан Японы талаарх ойлголт улам бүр гүнзгийрэн хоёр орны харилцаа илүү цэцэглэн хөгжинө хэмээн найдаж байна.
3
4