Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Хэвлэлийн мэдээ >Өвсний үндэс буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

 

 

2014 оны санхүүгийн жилийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй

тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

 

 

 6 сарын 19-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан болон Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Нямдорж нар Элчин сайдын өргөөнд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх доорхи 4 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 

 

 Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат “Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Өвсний Үндэс хөтөлбөр нь 1990 оноос хойш Монгол улсад хэрэгжиж байгаа билээ. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөл хийхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг манай аймагт энэ жил Батсүмбэр суманд сургуулийн засварын төсөл хэрэгжих болсонд аймгийн ард иргэдийг төлөөлж Японы ард түмэн болон Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.” хэмээв.

 

 Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн хэлэхдээ “Манай аймгийн Зүүнхангай сум нь аймгийн төвөөс хамгийн алслагдсан сум юм. Тус сумын дотуур байранд засвар хийснээр хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл сайжрах билээ. Монголын хүүхэд багачуудын төлөө зүрх сэтгэл гаргаж, тусламжийн гараа ямагт сунгадаг Японы ард түмэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.” гэв.

 

 Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ “Өвсний үндэс хөтөлбөр нь Монгол улсын бүх аймаг, сумдад хүрч, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ удаа 3 аймгийн сургууль, эмнэлэгийн засвараас гадна Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн байрны засвар, мөн тус нэгдэл дотор байрладаг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг “түр хамгаалах байр*”-ны засварыг НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран хийх юм. Гэр бүлийн хүчирхийлэл хэмээх нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулж байгаадаа туйлын их баяртай байна.” гэв.



Өнөөдөр гарын үсэг зурсан буцалтгүй тусламжийн 4 төслийн нийт дүн 361,675 ам.доллар буюу ойролцоогоор 654,631,750 төгрөг болж байна.

 

(*) Энэхүү түр хамгаалах байр нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан ба гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалдаг нэг цэгийн үйлчилгээний төв юм.

 

 
  


 Элчин сайд Т.Шимизү болон Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Нямдорж, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн Амын Сангийн ажилтнууд, төслийн холбогдох хүмүүс, ЭСЯ-ны ажилчдын хамт