Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Хэвлэлийн мэдээ >"Өвсний үндэс" хөтөлбөрөөр Дорнод аймагт 3 төсөл хэрэгжинэ.


 

"Өвсний үндэс" хөтөлбөрөөр Дорнод аймагт 3 төсөл хэрэгжинэ.
(2014 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн
буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол)


   5 сарын 14-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын өргөөнд Элчин сайд Такэнори Шимизү, Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далай орнуудын газрын зөвлөх Л.Эрдэнэдаваа, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо”-ны Дорнод аймаг дахь салбарын зохицуулагч Т.Оюунсүрэн нар “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх доорхи 3 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 

   Ёслолын үеэр Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ “Номун ханы хэргээс хойш 75 жил болж буй энэ жил Халхгол сумын иргэдийн төлөө Япон, Монголын ирээдүйг харсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх болсонд миний бие туйлын их баяртай байна. Өнөөдөр гарын үсэг зурсан 3 төсөл амжилттай хэрэгжиж, Чойбалсан хот, Халхгол сумын иргэд чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртэнэ хэмээн найдахын хамт Японы ард түмэн болон Дорнод аймгийн иргэдийн найрамдлын бэлэг тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

   Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат хэлэхдээ “2014 оны Өвсний-Үндэс хөтөлбөрийн анхны төслүүд Дорнод аймгийн алс холын Халхгол сумаас эхэлж байгаад баяртай байна. Иргэдийн эрүүл мэндийн болон хүүхдүүдийн боловсролын орчинг сайжруулж байгаад, мөн Монгол улсын Засгийн газраас анхаарал хандуулж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн төсөл хэрэгжих болсонд Элчин сайд Шимизү болон Японы ард түмэн, Япон улсын Элчин сайдын яамны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье” хэмээв.

   Гадаад харилцааны яамны Ази, Номхон далай орнуудын газрын зөвлөх Л.Эрдэнэдаваа хэлэхдээ “Гарын үсэг зурсан 3 төслийн хүрээнд нийгмийн боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн халамжийн асуудлыг шийдэх юм. Манай улсад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд тусламж үзүүлж байгаад Японы ард түмэнд талархал илэрхийлье” хэмээв.

   Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван “Манай сумын эмнэлэг болон цэцэрлэгийн барилгын засвар хийгдснээр сумын 3000 гаруй иргэд үр өгөөж хүртэх болсонд Элчин сайд Шимизү болон Элчин сайдын яамны хамт олон, мөн Японы ард түмэнд гүн талархал илэрхийлж байна ” хэмээв.

   “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо”-ны Дорнод аймаг дахь салбарын зохицуулагч Т.Оюунсүрэн “Дорнод аймагт 900 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Энэ удаад Өвсний-Үндэс хөтөлбөрөөр төсөл хэрэгжих болсонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Хүүхэд хөгжил төвийн хүүхдүүд болон эцэг эхчүүдийг төлөөлөн Японы ард түмэнд талархал илэрхийлье” хэмээв.

   Өнөөдөр гарын үсэг зурсан 3 төслийн нийт тусламжийн өртөг 269,695 ам.доллар буюу ойролцоогоор 481,405,575 төгрөг  болж байна.

 

1

Элчин сайд Шимизү, Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат нар гарын үсэг зурсны дараа,
Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван дунд зогсч байна.

 

 

2

Элчин сайд Шимизү, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо"-ны
Дорнод аймаг дахь зохицуулагч Т.Оюунсүрэн нар гарын үсэг зурах үед