Япон улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн
хуримтлалын сангийн хөрөнгөөр барьж, байгуулсан
135 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ
2016 оны 11 дугаар сарын 10-ны өдөр
11 дүгээр сарын 10-ны өдөр, Япон улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сангийн хөрөнгөөр хэрэгжих "Улаанбаатар хот болон 7 аймагт цэцэрлэг барьж байгуулах төсөл"-ийн хүрээнд шинээр баригдсан 135 дугаар цэцэрлэгийн барилгын нээлтийн арга хэмжээ Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7-р хороонд зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн, Япон улсын Элчин сайдын яамны Эдийн засаг, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах ажилтан П.Чинзориг, холбогдох албаны хүмүүс болон хүүхдүүдийн эцэг эх оролцлоо.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа "Хүүхдүүд гэрийнхээ ойролцоох шинэ цэцэрлэгт явах болсонд туйлын их баяртай байна. Япон улсын тусламжаар байгуулагдсан цэцэрлэг нь хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монгол улсын ирээдүйг залгамжлан авч явах боловсон хүчинд боловсрол эзэмшихэд ихээхэн хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм. Японы ард түмэнд дахин талархал илэрхийлье" хэмээн мэндчилгээндээ дурдав.
Нээлтийн арга хэмжээний үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа "Сүхбаатар дүүрэгт цэцэрлэгийн хүрэлцээ муу, сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжгүй хүүхдүүд олон байгаа энэхүү хүнд хэцүү үед Япон улсын Засгийн газар буцалтгүй тусламжаар цэцэрлэгийн барилга барьж өгсөнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Өнөөдрийг хүртэл Монгол улсын боловсролын орчныг бүрдүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Япон улсын ард түмэнд цэцэрлэгийнхээ нийт хамт олны өмнөөс дахин талархал илэрхийлье" хэмээв.

Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээний үеэр

Цэцэрлэгийн гаднах байдал

Цэцэрлэгийн доторх байдал
Төслийн талаарх мэдээлэл
1. Төслийн нэр: Улаанбаатар хот болон 7 аймагт цэцэрлэг барьж байгуулах төсөл
2. Төсөл хэрэгжүүлэгч: Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам
3. Төслийн өртөг: 1 тэрбум 232.6 сая төгрөг (Хуримтлалын сангаас нийт 8 тэрбум 996 сая төгрөг уг төсөлд зарцуулагдана)
4. Төсөлд хамрагдах бүс нутаг: Улаанбаатар хот, Дорноговь аймаг, Дорнод аймаг, Завхан аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймаг, Ховд аймаг, Орхон аймаг
5. Төслийн зорилго: Хүүхдүүдийн боловсрол эзэмших орчныг бүрдүүлэх, цэцэрлэг стандарт нормоос илүү олон хүүхэд хүлээж авч буй нөхцөл байдлыг сайжруулах, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхдийн тоог багасгах зорилгоор Улаанбаатар хот болон 7 аймагт нийт 1100 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий 10 цэцэрлэг барьж байгуулна.
6. Хуримтлалын сан: Хуримтлалын сан гэдэг нь Төслийн бус буцалтгүй тусламжаар олгогдсон бараа, бүтээгдэхүүнийг зарж, борлуулсан мөнгийг тусламж хүлээн авагч улсын Засгийн газар нь Төв банкинд тусгай данс нээж хуримтлуулсан хөрөнгийг хэлнэ. Тус хөрөнгийг зарцуулахдаа тухайн улс нь Япон улсын Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрт ашиглах боломжтой.