Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

 

"Өвсний үндэс" хөтөлбөрөөр хэрэгжсэн Баянхонгор аймгийн
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйлчилгээний байрны
нээлтийн арга хэмжээ

 

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр



     10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос 640 км алслагдсан Баянхонгор аймгийн төвд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах" хөтөлбөрийн хүрээнд баригдсан "Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйлчилгээний байр"-ны нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр болж өнгөрлөө.


      Баянхонгор аймгийг төлөөлж аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлсэн үгэндээ Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжид талархаж байгаагаа илэрхийлээд "Нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулснаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зохих тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болж, үүгээр аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тус дөхөм болно гэдэгт найдаж байна" гэв.


      Энэхүү арга хэмжээнд тус ЭСЯ-наас оролцсон нэгдүгээр нарийн бичгийн дарга Фукасава хэлэхдээ "Хүчирхийлэлд өртөж, бие сэтгэлээрээ зовж шаналан, хүнд хэцүү нөхцөлд байхдаа холбогдох байгууллагуудаар явж зөвлөгөө авна гэдэг бол сэтгэл санааны хувьд маш их дарамттай зүйл юм. Ийм нөхцөл байдлыг сайжруулахын тулд уг хөтөлбөрөөр хохирогчдод үзүүлэх эрүүл мэнд, сэтгэл санаа болоод хууль эрх зүйн туслалцааг нэгтгэсэн хохирогчдыг түр хамгаалах байр бүхий "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг барьсан юм. Төсөл хэрэгжсэнээр, хохирогчдод үзүүлэх дарамт багасаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна" гэв.


      Тус төвийн үйл ажиллагааг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хариуцах ба үйл ажиллагааны урсгал зардлыг Баянхонгор аймгийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх юм. Түүнчлэн, уг төслийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангаас (UNFPA) төвийн үйл ажиллагаанд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах зэргээр хамтран ажилласан юм.

 


Нээлтийн арга хэмжээний үеэр мэндчилгээ дэвшүүлж буй холбогдох хүмүүс
(зүүн гар талаас аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Х.Фүкасава,
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн орлогч захирал П.Золзаяа)

 

 
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг             Зөвлөгөө өгөх өрөө    
      хамгаалах үйлчилгээний байр          (тавилгыг НҮБ-ын ХАС-аас хангав)

 
Хохирогчдыг түр хамгаалах өрөө         Гал тогоо (тавилга, тоног төхөөрөмжийг
                             НҮБ-ын ХАС-аас хангав)

 

Төслийн танилцуулга


1. Төслийн нэр: "Баянхонгор аймагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйлчилгээний байр барих төсөл"
  (The Project for Constructing the Protection and Service Facility for Victims of Domestic Violence in Bayankhongor Aimag)
2. Төслийн хүлээн авагч: Баянхонгор аймаг
3. Төслийн нийт өртөг: 85,239 ам.доллар