2016 оны санхүүгийн жилийн
"Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн
хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болон
төслийн тоо 500-д хүрсний ёслолын арга хэмжээ
2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр
8 дугаар сарын 16-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр(*1)"-ийн хүрээнд хэрэгжүүлэх 6 төслийн гэрээнд тус тус гарын үсэг зурж, энэхүү хөтөлбөрөөр Монгол улсад хэрэгжиж буй төслийн тоо 500-д хүрч байгааг тэмдэглэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Дараах 6 төсөл хэрэгжихээр боллоо.
Үүнд:
1. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р цэцэрлэгийн их засварын төсөл
Тусламжийн хэмжээ: 78,287 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Баянхонгор аймаг
2. Төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байр болон биеийн тамирын заалны засварын төсөл
Тусламжийн хэмжээ: 83,776 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Төв аймаг
3. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгийн их засварын төсөл
Тусламжийн хэмжээ: 77,570 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Дорноговь аймаг
4. Сүхбаатар аймгийн Онгон сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл
Тусламжийн хэмжээ: 84,298 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Хэнтий аймаг
5. Дорнод аймгийн Дашбалбар сумын цэцэрлэгийн их засварын төсөл
Тусламжийн хэмжээ: 75,388 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Дорнод аймаг
6. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн их засварын төсөл
Тусламжийн хэмжээ: 64,252 ам.доллар
Хүлээн авагч байгууллага: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг
Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, холбогдох аймаг дүүргийн Засаг дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Ёслолын үеэр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Такэнори Шимизү хэлэхдээ ""Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь намайг 2 дахь удаагаа Элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байсан 1990 он билээ. Мөн Элчин сайдаар томилогдож 5 дахь жилдээ ажиллаж буй өнөөдөр ийнхүү 500 дахь төслийн гэрээнд гарын үзэг зурж байгаадаа туйлын их баяртай байна. "Өвсний үндэс" хөтөлбөрийг Монголын ард иргэдийн зүгээс өндрөөр үнэлж байгаа гэдэгт бат итгэлтэй байна. Ингээд Япон улсын Засгийн газрын өмнөөс өдийг хүртэл "Өвсний үндэс" хөтөлбөртэй хамтран ажиллаж ирсэн бүх хүмүүст гүнээ талархал илэрхийлье. Япон улсын Засгийн газар нь цаашид ч "Монголын ард түмний төлөө, Монголын ард түмэнтэй хамт" гэсэн уриан дор "Өвсний үндэс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно." хэмээв.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ "1990 оноос хойш эрүүл мэнд, боловсрол болон ядуурлыг бууруулах салбарт тусламж үзүүлж ирсэн Японы ард түмэнд гүнээ талархал илэрхийлье. "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн тоо 500-д хүрч мөнгөн тусламжийн нийт дүн нь 34 сая ам.долларт хүрлээ. Гадаад харилцааны сайдын хувьд Японы Засгийн газар тууштай дэмжиж ирсэнд ард иргэдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье." хэмээв.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ "1990 онд "В гепатитийн эсрэг вакцин үйлдвэрлэх технологийг сайжруулах төсөл"" хэрэгжсэнээс хойш энэ удаагийн төслүүдтэй нийт 500 төсөл хэрэгжжээ. "Өвсний үндэс" хөтөлбөрийн 400 дэх төсөл нь "Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын Хөх-хөтөл тосгоны эмнэлгийн өргөтгөлийн төсөл" байсан ба саяхан гэхэд "Гэмтэл Госог судлалын үндэсний төвд эмнэлгийн зориулалттай ор болон тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл" хэрэгжсэн билээ. Эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж байгаад гүнээ талахрал илэрхийлье." хэмээв.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлэхдээ "Өнөөдөр гарын үсэг зурсан "Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р цэцэрлэгийн их засварын төсөл" нь "Өвсний үндэс" хөтөлбөрийн 500 дахь төсөл болж байгаад туйлын их баяртай байна. Манай аймагт өдий хүртэл "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 20 төсөл хэрэгжүүлсэн билээ. Монгол улсын бүхий л аймгийг төлөөлж Япон улсын Засгийн газарт гүнээ талархахын ялдамд та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе." хэмээв.
"Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Япон улсаас энэ санхүүгийн жилд (2016.04.01-2017.03.31) Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 15-д хүрч тусламжийн нийт дүн нь 1,177,404 ам.доллар буюу 2,302,387,670 сая гаруй төгрөг болж байна.
"Өвсний үндэс" хөтөлбөр нь Монгол улсад 1990 онд анхны төслөө хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт хэрэгжүүлсэн төслийн тоо 2016 оны 8 дугаар сарын 16-нд 500-д хүрч, тусламжийн нийт дүн 33,586,674 ам.доллар боллоо. Уг хөтөлбөр нь Монгол улсын бүх аймагт хэрэгжсэн ба нийт 332 сумаас 206 сум хамрагдаад байна.
Япон улсын Засгийн газар нь Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн бүхий л боломжийг ашиглахын зэрэгцээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
((*1) Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газрууд голлон санхүүгийн тусламж үзүүлдэг.

Ёслолын арга хэмжээнд оролцсон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил,
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, аймаг, дүүргийн удирдлагууд,
Элчин зөвлөх М.Кикүчи болон Элчин сайд Т.Шимизү

Элчин сайд Т.Шимизү болон Баянхонгор аймгийн Засаг дарга
Г.Батжаргал нар гарын үсэг зурж байна

Элчин сайд Т.Шимизү болон Төв аймгийн Засаг дарга
Ж.Батжаргал нар гарын үсэг зурсны дараа

Элчин сайд Т.Шимизү болон Дорноговь аймгийн Засаг дарга
Т.Энхтүвшин нар гарын үсэг зурсны дараа

Элчин сайд Т.Шимизү, Сүхбаатар аймгийн Засаг дарга
З.Энхтөр нар гарын үсэг зурсны дараа

Гарын үсэг зурах Элчин сайд Т.Шимизү, Дорнод аймгийн
Засаг дарга М.Бадамсүрэн нар

Элчин сайд Т.Шимизү, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Засаг дарга
Д.Пүрэвдаваа нар гарын үсэг зурсны дараа

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн сурагчдын
Морин хуурын тоглолт