"Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)"-ийн
15 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа
2016 оны 8 дугаар сарын 9-ны өдөр
1. Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүгийн зүгээс "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)"-ийн 15 дахь ээлжийн оюутнуудыг үдэн гаргах арга хэмжээг 8 дугаар сарын 9-ний өдрийн 18 цагт Элчин сайдын өргөөнд зохион байгуулав.
2. "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)" нь ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх, чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулан, мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн зэрэгцээ өөрийн сурч мэдсэн зүйлээ эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм. Эдүгээ Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 13 улсад уг хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд өнөөг хүртэл нийт 3,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
3. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 262 залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 227 оюутан төгсөж ирээд Төрийн захиргааны байгууллага, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
4. JDS хөтөлбөрийн 15 дахь ээлжийн оюутнуудаас Кэйогийн их сургуульд 1, Кюшюгийн их сургуульд 4, Олон улсын их сургуульд 5, Мэйжигийн их сургуульд 3, Хирошимагийн их сургуульд 3, Цүкүбагийн их сургуульд 2 оюутан зэрэг нийт 18 хүн тус бүрийн мэргэжлээр 2 жилийн хугацаатай магистрантурт суралцах юм.
5. Энэхүү хөтөлбөрийн шугамаар суралцах залуус эх орондоо ирээд өөрийн мэргэжлийнхээ салбарт илүү их хичээл зүтгэл гарган ажиллаж, хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт бат итгэлтэй байна.
6. Үдэлтийн арга хэмжээний үеэр нийт оюутнууд өөрсдийгөө танилцуулахын зэрэгцээ цаашдын зорилгын талаар товч танилцууллаа.Мөн японы үндэсний бүжиг болон анимэгийн хэсгээс тоглож үзүүлэх зэргээр өөрсдийн мэдэх япон орон, японы ёс заншил, соёлыг харуулсан урлагын тоглолтоороо дамжуулан тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочидодоо талархал илэрхийлэв.