"Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл-2"-өөр
нийлүүлэгдэж буй агаарын чанарын автомат суурин харуулын тоног төхөөрөмжийн
иж бүрдэлийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
5 дугаар сарын 2-ны өдөр ЖАЙКА байгууллагын техникийн хамтын ажиллагааны төслөөр1 хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл-2"-ийн хүрээнд нийлүүлэгдсэн агаарын чанарын автомат суурин харуулын тоног төхөөрөмжийн иж бүрдэлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд оролцсон Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Япон улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлээд "Энэ төслийг хэрэгжүүлсэнээр агаарын бохирдлын талаарх үнэн зөв мэдээлэлийг нийслэлийн ард иргэдэд хүргэх боломжтой болно. Мөн Япон улсын Засгийн газраас олгож буй тоног төхөөрөмж нь Улаанбаатар хотын агаарын чанарт дүн шинжилгээ, мониторинг хийхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна" хэмээв.
Тус Элчин сайдын яамнаас уг арга хэмжээнд оролцсон Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фүкасава хэлсэн үгэндээ "Агаарын бохирдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй арга барилаар арилгах зайлшгүй шаардлагатай юм. Тийм учраас Япон улсын Засгийн газар нь тоосонцор (PM10 болон PM2.5), агаарын бохирдлыг хэмжихэд шаардлагатай тоног төхөөрөмжийн иж бүрдэлийг хүлээлгэн өгөх болсон юм" хэмээгээд "Өнөөдөр хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэйгээр ашиглагдаж хэзээ нэгэн цагт Улаанбаатар хот урьдын адил агаарын бохирдолгүй номин цэнхэр тэнгэртэй байгаасай хэмээн хүсч байна" хэмээв.
Уг тоног төхөөрөмжөөр хэмжсэн PM2.5 , PM10 агууламжтай тоосонцор, хүхэрлэг хий (SO2)-н үзүүлэлт Нийслэлийн агаарын чанарын албаны цахим хуудсанд тавигдахаас гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Улаанбаатар хотын захиргаа, нийслэлийн 5 сургуульд байршуулсан LCD дэлгэцнээ 30 минут тутамд шинэчлэн мэдээлэх юм.
Нийслэлийн агаарын чанарын албаны цахим хуудас: http://www.air.ub.gov.mn/ja/
1Техникийн хамтын ажиллагааны тухай
Техникийн хамтын ажиллагаа нь ЖАЙКА байгууллагын мэрэгжилтэн томилон ажиллуулах, сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг үндсэн 3 чиглэлийг нэгтгэн төсөл хэлбэрээр тодорхой хугацаанд хэрэгжүүлдэг хамтын ажиллагаа юм.

Зураг 1. Төслийн хүрээнд баригдсан агаар орчны суурин харуулын
байрны өмнө,
ёслолын арга хэмжээний үеэр
Зураг 2. Агаар орчны суурин харуулын байранд суурилагдсан хэмжилтийн
төхөөрөмж
Төслийн танилцуулга
1. Төслийн нэр: "Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл-2"
(Capacity Development Project for Air Pollution Control in Ulaanbaatar City Phase 2)
2. Хэрэгжүүлэх хугацаа: 2013 оны 12 сар – 2017 оны 6 сар
3. Төслийн товч танилцуулга:
(1) Хэрэгжүүлэх үндэслэл
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн эрчимтэй хөгжил явагдсан Монгол улсын тухайд Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл ихсэж байна. Нийслэлийн хүн амын хэт төвлөрөл болон хотжилт цар хүрээгээ тэлснээс үүдэн дэд бүтэц, инженерийн байгууламжийг цаг алдалгүй барих боломжгүй зэргээр олон тулгамдсан асуудал үүсч байгаагийн нэг нь агаарын бохирдлын асуудал юм. Нийслэлийн авто замын түгжрэлээс үүдсэн автомашины утаа ихсэж байна. Мөн хасах 30 – 40 градус болдог өвлийн тэсгим хүйтэнийг давахын тулд ашиглагдаж буй ахуйн зуух, цахилгаан станц, уурын зуухнаас ялгарах утаан хөшиг нь нийслэлийг бүхэлд нь бүрхэж, амьсгалын замын эмгэг өвчнийг үүсгэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
(2) Төслийн агуулга:
Дээрх нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Япон улсын Засгийн газар нь 2010 оноос эхлэн 3 жилийн хугацаатай ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны "Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэн, агаар орчны тархалтын загварчлалыг бүрдүүлсэн. Мөн агаарын бохирдолын хэмжилтийн арга технологи, Япон улсын байгаль орчны бодлого, тогтолцооноос нэвтрүүлсэн.Түүний үр дүнд агаарын бохирдлын гол эх үүсвэр нийслэлийн агаарын бохирдолд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлон, тэдгээрийн учир шалтгааны дүн шинжилгээнд суурилсан агаар бохирдлын эсрэг арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан гаргаж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралаар батлуулсан.
2 дахь үе шатны төслөөр агаар орчны хэмжилтийн мэдээлэлийн хяналт, нарийвчлалыг сайжруулахын зэрэгцээ үндсэн хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэн, нийслэлийн агаарын бохирдлын хяналтын чадавхыг улам бүр бэхжүүлнэ.