Япон-Монголын сургалтын эмнэлгийн шав тавих ёслолын арга хэмжээ
2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
3 дугаар сарын 30-ны өдөр, Улаанбаатар хотод Япон улсын буцалтгүй тусламжаар баригдах сургалтын эмнэлгийн шав тавих ёслол болж үүнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүхэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болоод холбогдох албаны хүмүүс оролцов. Тус арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ "Монголын ард түмний олон жилийн мөрөөдөл ийнхүү өнөөдрөөс баригдаж эхэлнэ. Японы ард түмэн, Япон улсын Засгийн газар болоод энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан Элчин сайд Т.Шимизү, мөн уг төсөлтэй холбоотой ажиллаж буй хоёр орны нийт хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж байгуулах төсөл хэрэгжсэнээр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх өндөр стандартын эмнэлгийг барьж байгуулж, өндөр түвшний боловсон хүчнийг бэлтгэх боломжтой болно" хэмээв.
Элчин сайд Т.Шимизү "Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй энэхүү төслөөр Монгол улсад барих гэх буй анхны сургалтын эмнэлэг бөгөөд эмнэлгийн олон төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Төслийн хүрээнд сургалтын эмнэлэг барьж байгуулан шинэ залуу эмч нарт зориулан төгсөлтийн дараах чанартай сургалтыг явуулснаар эрүүл мэндийн салбарын түвшин дээшилж, Монголын ард түмэн аюулгүй, өндөр чанартай эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртэнэ гэдэгт найдаж байна." хэмээв.
Япон-Монголын сургалтын эмнэлгийн шав тавих ёслолын
үеэр
Элчин сайд Т.Шимизү мэндчилгээ дэвшүүлэв
Төслийн танилцуулга
1. Төслийн нэр: Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж, байгуулах төсөл
(The Project for Construction of Mongolia-Japan Teaching Hospital)
2. Төслийн өртөг: 7 тэрбум 985 сая иен (7,985,000,000 иен)
3. Төслийн зорилго: Монгол улсад анхдагч болох сургалтын эмнэлгийг барьж байгуулан, тус эмнэлэгт халдварт бус өвчний гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээ болон хотын хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг давхар үзүүлж, шинэ залуу эмч нарт зориулан төгсөлтийн дараах сургалтыг чанартай зохион байгуулсанаар Монгол улсын эмнэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулна.
4. Төслийн агуулга:
(1) Барилгын ажил, тоног төхөөрөмжийн талаар
Байгууламж: Амбулатор (Мэс заслын тасаг, Гэмтэлийн тасаг, Дотрын тасаг, Мэдрэлийн тасаг, Халдварт өвчний тасаг, Хүүхдийн тасаг, Эмэгтэйчүүдийн тасаг, Нүдний тасаг, Чих, хамрын тасаг) болон сургалтын байгууламж зэрэг багтана. Орны нийт тоо 104. Нийт талбайн хэмжээ 16,505㎡, газраас дээш 3 давхар, газраас доош 1 давхар.
Тоног төхөөрөмж: CT, MR, ангиографи оношилгооны төхөөрөмж, шинжилгээ, эмчилгээний төхөөрөмж
(2) Зөвлөх үйлчилгээ
Барилгын зураг төсөл, барилгын тоног төхөөрөмж худалдан авалтын хяналт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээний хяналт.

