Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

 

"Иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй
"Инженер, технологийн дээд боловсрол төсөл"
Коосэн, магистр, доктор, зэргийн бус хөтөлбөрөөр Японд суралцах
оюутнуудад батламж гардуулах ёслолын арга хэмжээ

 

2016 оны 1 дугаар сарын 29-ний өдөр



     1 дүгээр сарын 28-ны өдөр, Монгол улсын Шинжлэх ухаан, Технологийн их сургууль дээр иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Инженер, технологийн дээд боловсрол төсөл"-өөр энэ хавраас Япон улсад суралцах 44 оюутанд (коосэн сургуульд 24, магистрт 6, докторт 6, зэргийн бус хөтөлбөрт 8) Элчин сайд Т.Шимизү болон Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар батламж гардууллаа.

      Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ "Монголын ирээдүйн залгамж халаа болсон залуус маань техник, технологийн дэвшилтэт орон болох Япон улсад суралцах болсонд туйлын баяртай байна. Япон орноос суралцах зүйл их бөгөөд та бүхэн зорьсон зорилгынхоо төлөө эрдэм номдоо шамдан суралцаж хүсэл, мөрөөдлөө заавал биелүүлэхийг хүсье. Мөн японд суралцах зорилгын чинь нэг хэсэг бол олон сайхан найз нөхөдтэй болох явдал шүү. " хэмээв.

      Элчин сайд Т.Шимизү, "Монгол улсыг хөгжүүлэхэд инженер, технологийн салбарын чадвартай боловсон хүчинг бэлтгэх явдал нэн чухал юм. Мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин нь дотоодын эрэлт хэрэгцээг хангах бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадсанаар Монгол улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм" гэв. Мөн ""Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг зүйр цэцэн үг байдаг. Та бүхэн ч гэсэн өмнөө тавьсан том зорилгоо биелүүлэхийн төлөө эрдэм номдоо шамдан суралцана гэж найдаж байна" хэмээн мэндчилгээндээ дурдлаа.


      Энэ удаа Коосэн сургуульд суралцах батламж авсан 24 оюутны дотор 2014 онд бүх аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан шалгуур өндөртэй элсэлтийн шалгалтад тэнцэж уг төсөлд хамрагдсан хөдөө орон нутгийн оюутнууд байгаа. Эдгээр оюутнууд бусад оюутнуудын хамт ШУТИС-ийн дэргэд байгуулагдсан Коосэн сургуулийн бэлтгэл ангид элсэн орж 1,5 жил япон хэл, физик, математик, химийн хичээл зэрэг японд суралцахад нэн шаардлагатай хичээлүүдийг нэмэлтээр үзэж судлан, японд суралцах шалгалтад тэнцсэн юм. Тэдгээрийн дотор анх удаа хилийн дээс алхах хөдөө орон нутгийн оюутнууд ч байгаа. Эдгээр оюутнуудын царайнаас өөртөө итгэлтэй, ирээдүй өөд тэмүүлсэн, хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байдал ажиглагдаж байв. Бид цаашид ч гэсэн дэлхийн тавцанд нэрээ дуурсгах хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэсэн оюутан залуусыг дэмжин ажиллах болно. Та бүхэнд амжилт хүсье.

 

 

Элчин сайд Т.Шимизү, Л.Гантөмөр сайд нар японд суралцах оюутнуудад батламж гардуулав.


Японд суралцах батламж авсан оюутнууд Элчин сайд Т.Шимизү,
Л.Гантөмөр сайдын хамт дурсгалын зураг авхуулав.

Төслийн танилцуулга


1. Төслийн нэр: Инженер, технологийн дээд боловсрол төсөл (Иений хөнгөлөлттэй зээл)

2. Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан огноо: 2014.03.11

3. Төслийн өртөг: 3. Төслийн нийт өртөг (зээлийн нөхцөл): 7 тэрбум 535 сая иен
(зээлийн хүү 0,2%, эргэн төлөлтийн хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 6 жил)

4. Хэрэгжүүлэгч байгууллага: Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам

5. Төслийн товч агуулга:

Уг төслийн зорилго нь Монгол улсын инженер, технологийн дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх (багш бэлтгэх, сургалтын хөтөлбөр сайжруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх гэх мэт)-ийн зэрэгцээ япон улсад энэ чиглэлээр ойролцоогоор 1000 оюутан сургаж бэлтгэн ,монгол улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах юм.

Мөн энэхүү төслөөр японы их, дээд сургуулиудтай хамтран бакалаврын хөтөлбөр болон сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багш бэлтгэх хөтөлбөр (Японд докторантур, магистрантурт суралцах), сургалт, судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэх, япон-монголын их сургуулиудын хамтарсан судалгаа, коосэн сургуульд суралцуулах хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэн, Монгол улсын инженер, технологийн дээд боловсролыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.