Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

 

Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Азийн хөгжлийн банкны
Ядуурлыг бууруулах сангаас хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн
3 төсөлд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

 

2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр



 1 дүгээр сарын 26-ны өдөр Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвд Японы Засгийн газраас Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах сангаар дамжуулан хэрэгжүүлэх нийт 7 сая ам. долларын өртөг бүхий буцалтгүй тусламжийн 3 төслийн гэрээнд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр, Сангийн сайд Б.Болор нар гарын үсэг зурлаа.


 Төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг төлөөлөн уг арга хэмжээнд оролцсон Сангийн сайд Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар өнөөг хүртэл Япон улсын Засгийн газраас үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийлээд энэ удаа гарын үсэг зурсан 3 төслийг амжилттай хэрэгжүүлэн тухайн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд илүү их хүчин чармайлт гарган ажиллахаа дурдсан юм.


 Япон улсын Засгийн газрыг төлөөлөн уг арга хэмжээнд оролцсон Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэлсэн үгэндээ "Япон улсын Засгийн газар Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор хоёр орны хооронд хэрэгжүүлэх хамтын ажиллагаанаас гадна олон улсын банк санхүүгийн байгууллагаар дамжуулан олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд түүний нэг нь Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах сантай хамтран хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүд" гэдгийг тэмдэглэлээ. Мөн "Японы Засгийн газар нь "Улс орны хөгжлийн тулгуур нь боловсрол, хүний хөгжил мөн" хэмээх үндсэн зарчимд тулгуурлан боловсролын салбарын хамтын ажиллагааг түлхүү хэрэгжүүлж өнөөг хүртэл Улаанбаатар зэрэг төв суурин газруудад 55 ерөнхий боловсролын сургууль, Өвсний үндэс буцалтгүй тусламжаар Монгол улсын 21 аймагт нийт 300 гаруй төслийг хэрэгжүүлэн сургууль, цэцэрлэгийн байрны өргөтгөл, засварын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэ мэтчилэн олон жилийн турш боловсрол, сургалтын таатай орчинг бүрдүүлэх тал дээр тууштай дэмжлэг үзүүлж ирсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр сургалтын таатай орчин бүрдүүлэх шаардлагатай сургууль, цэцэрлэг олон байна.Тэр утгараа Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Ядуурлыг бууруулах сан хэрэгжүүлэх уг төслөөр бага сургуулийн дотуур байрыг засан шинэчлэн, хүүхэд багачуудын сургалтын таатай орчинг бүрдүүлэх болсонд туйлын баяртай байна" гэв.


1
Ядуурлыг бууруулах сангийн төслийн гэрээнд АХБ-ны суурин төлөөлөгч Р. Шоэллхаммэр (баруун гар тал),
Сангийн сайд Б.Болор (зүүн гар тал) нар гарын үсэг зурав.

2
Баруун гар талаас Сангийн сайд Б.Болор, Элчин сайд Т.Шимизү, АХБ-ны суурин төлөөлөгч Р. Шоэллхаммэр,
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг


Ядуурлыг бууруулах сан
Ядуурлыг бууруулах санг Азийн хөгжлийн банкны гишүүн орнуудаас ядуурлын асуудал хурцадмал байгаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Японы Засгийн газрын санхүүжилтээр 2000 оны 5 сард Азийн хөгжлийн банкны дэргэд байгуулсан юм. Монгол улсад анх 2002 онд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх"төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүнээс хойш нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн олон салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэн нийт 66,09 сая ам.долларын өртөг бүхий 42 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.


3 төслийн танилцуулга
1. Баруун бүсийн бага сургуулийн дотуур байрны орчинг сайжруулах төсөл
 (1) Хэрэгжүүлэгч байгууллага : Боловсрол,соёл,шинжлэх ухааны яам
 (2) Төслийн нийт өртөг : 3 сая ам.доллар
 (3) Товч агуулга : Баруун бүсийн 3 аймгийн сургуулийн дотуур байрыг засаж сайжруулах техник туслалцааны дэмжлэг үзүүлнэ.

2. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн төсөл
 (1) Хэрэгжүүлэгч байгууллага : Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
 (2) Төслийн нийт өртөг : 3 сая ам.доллар
 (3) Товч агуулга : Орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нутгийн ард иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн, амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.

3. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төсөл
 (1) Хэрэгжүүлэгч байгууллага : Улаанбаатар хотын захиргаа
 (2) Төслийн нийт өртөг : 1 сая ам.доллар
 (3) Товч агуулга : Бага орлогтой иргэдийг орон сууцжуулахад дэмжлэг үзүүлэх хууль эрх зүй, санхүүжилтийн орчинг бүрдүүлэхэд техник туслалцааны дэмжлэг үзүүлнэ.