Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж, байгуулах төсөл
Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж, байгуулах төсөл
2015 оны 12 сарын 25-ны өдөр
12 дугаар сарын 22-ны өдөр, Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих "Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж, байгуулах төсөл"-ийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам болон гүйцэтгэгч компани гарын үсэг зурлаа. Монгол улсад анхны сургалтын эмнэлгийг Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд барьж, байгуулахын зэрэгцээ эмнэлгийн төрөл бүрийн тоног төхөөрөмж нийлүүлнэ. Төслийн нийт өртөг 7 тэрбум 985 сая иен болох бөгөөд буцалтгүй тусламжийн мөнгөн дүнгээрээ дэлхийд дээгүүр орох томоохон бүтээн байгуулалтын төсөл болж байна. Тус гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцсон Элчин сайд Т.Шимизү, "Олон хүний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд уг төсөл хэрэгжихээр боллоо. Тус эмнэлэг байгуулагдсанаар Монгол улсын эрүүл мэндийн салбарын түвшин дээшилж, Монголын ард түмэн найдвартай эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болно. Миний бие уг төслийг хэрэгжүүлэхээр олон жил ажиллаж ирсэн хүмүүсийн нэг бөгөөд өнөөдөр ийнхүү гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдсанд туйлын баяртай байна." хэмээн мэндчилгээндээ дурдлаа.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцож буй Элчин сайд Т.Шимизү (дунд),
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр (зүүн)
болон холбогдох албаны хүмүүсийн хамт

Элчин сайд Т.Шимизү мэндчилгээ дэвшүүлэв
Төслийн танилцуулга
1. Төслийн нэр: Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж, байгуулах төсөл
2. Ноот бичиг солилцсон өдөр: 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Төслийн нийт өртөг: 7 тэрбум 985 сая иен
3. Төслийн зорилго:
Монгол улсын эрүүл мэндийн салбарын ерөнхий үзүүлэлт сайжирч байгаа хэдий ч бүс нутгийн ялгаа их, хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах явдал тулгамдсан асуудал хэвээр байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Монгол улсын Засгийн газар хөдөө орон нутагт эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг томилон ажиллуулж байгаа хэдий ч залуу эмч нарт туршлага хуримтлуулах сургалтын эмнэлэг, эмч бэлтгэх нэгдсэн хөтөлбөр байхгүй зэрэг их сургууль төгссөний дараах сургалтын тогтолцоо бүрэлдээгүй нөхцөл байдалтай байна.
Мөн нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, хүн амын урсгал их, ядуу давхрагын хүн ам ихээр суурьшсан бүс нутагт өвчтөн их байгаа бөгөөд хоёрдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа хэдий ч, эмнэлгийн байгууламж дутагдалтай байна. Халдварт бус өвчний байгууламжид хөнгөн өвчтөн олноор хандах явдал ихээр гарах зэрэг нь хотын эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо зохистой бус байгааг харуулж байна.
Ийм учраас тус төслөөр Монгол улсад анагаахын чиглэлээр сургалт явуулдаг ганц их сургууль болох Анагаахын их сургуулийн харьяанд анхны их сургуулийн сургалтын эмнэлгийг барьж, байгуулахын зэрэгцээ тус эмнэлэгт их сургууль төгссөний дараах эмч нарын сургалтаар дамжуулан өндөр чадвартай эрүүл мэндийн боловсон хүчинг бэлтгэж, хөдөө орон нутагт томилон ажиллуулна. Мөн тус эмнэлэгт халдварт бус өвчний гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээ болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг давхар үзүүлж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмэр оруулах болно.