2015 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн
буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах
ёслолын арга хэмжээ
2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
10 сарын 19-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн нар Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*)"-ийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх дараахь 3 төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Үүнд:
- Завхан аймгийн Баянхайрхан сумын сургуулийн засварын төсөл
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сургуулийн засварын төсөл
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэгдээхэй цэцэрлэгийн их засварын төсөл
Ёслолын үеэр Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ "Энэ удаа хэрэгжүүлэх төсөл нь бүгд Монгол улсын ирээдүйг авч явах хүүхэд багачуудын суралцаж буй сургууль, цэцэрлэгийн засварын төсөл юм. Япон улсын Засгийн газар нь Монгол улсад тууштай тусламж үзүүлсээр байгаа шалтгаан нь аль болох олон хүүхэд Монгол улсыг тулж түших хүний нөөц болон өсч, ирээдүйд бие даан боловсролын орчинг сайжруулахад хувь нэмэр оруулах явдал билээ. "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр төдийгүй "Инженер, технологийн дээд боловсрол төсөл" зэрэг боловсролын салбарт чиглэсэн зээл тусламжийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа нь үүний нэг баталгаа гэж болно." гэв.
Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив хэлэхдээ "Япон улсын Засгийн газар нь 1990 оны нийгэм, эдийн засгийн шилжилтээс хойш Монгол улсын хамгийн том хандивлагч орон байж нийгэм эдийн засгийн олон асуудлуудыг шийдэж туслаж байсан. Япон Монгол улс нь хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй улс орон ба Улаанбаатар хотоос алслагдсан манай Завхан аймагт олон удаа "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжсэн билээ. Энэ удаад төсөл хэрэгжих Баянхайрхан сум нь аймгийн төвөөс 240 км алслагдсан ба өдийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдэж байгаагүй бөгөөд анх удаа "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд засвар хийгдэх гэж байна. "Үндэс үгүй бол үр шим үгүй" гэдэгчилэн "Өвсний үндэс" гэх энэхүү содон нэртэй буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь нэн шаардлагатай газар үрээ өгч, сургуулийн сурагчдын тулгамдсан асуудал шийдэгдэж байгаад баяртай байна." гэв.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлэхдээ "Манай Сэлэнгэ аймаг нь нийт 32 сургууль, 35 цэцэрлэгтэй билээ. Үүний ихэнхи сургууль, цэцэрлэг нь "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн тусламж авч засвар болон өргөтгөл хийсэн билээ. Боловсролын салбар нь улс орны хамгийн чухал салбар байдаг бөгөөд "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь энэнхүү салбарыг тууштай дэмжиж хувь нэмэр оруулж байгаад Сэлэнгэ аймгийн ард иргэдийнхээ өмнөөс гүнээ талархал илэрхийлье." хэмээв.
Дээрхи 3 төсөлд нийт 248,720 ам.доллар буюу ойролцоогоор 494,952,800 төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. Эдгээр төслүүдийг оруулаад 2015 оны Японы санхүүгийн жил (2015.04.01-2016.03.31)-д "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 17 болж байгаа бөгөөд нийт 1,366,220 ам.доллар буюу ойролцоогоор 2,655,063,360 төгрөг болох юм.
Япон улсын Засгийн газар нь Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн бүхий л боломжийг ашиглан Монгол улстай хамтран ажиллахын зэрэгцээ тус улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
(*1) Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газрууд голлон санхүүгийн тусламж үзүүлдэг.

Зүүн гар талаас Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Сэлэнгэ аймгийн
Засаг дарга С.Бүрэнбат, Элчин сайд Т.Шимизү болон Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив нар
Элчин сайд Т.Шимизү, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив нар
гарын үсэг зурсны дараа
Элчин сайд Т.Шимизү, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар
гэрээнд гарын үсэг зурах үеэр
Элчин сайд Т.Шимизү, Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн нар
гарын үсэг зурах үеэр