"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр болон коосэн сургалтын хөтөлбөрийн хичээлийн шинэ жилийн нээлт
2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр
9 дүгээр сарын 25-ны өдөр, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн 2015 оны хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр болон коосэн сургалтын хөтөлбөрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Шимизү, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар оролцож, хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийн шинэ элсэгч 95 оюутан, коосэн сургалтын хөтөлбөрийн бэлтгэл ангийн 2 дахь элсэлтийн 47 оюутанд баяр хүргэж, магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрт тэнцсэн 11 багшид батламж гардууллаа.
Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийн тухайд "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл 2014 онд хэрэгжиж эхэлсэнээс хойш, анхны элсэгчдийг хүлээж авч байгаа бөгөөд эдгээр оюутнууд нь эх орондоо 2 жил хагас инженер, технологийн мэргэжлийн мэдлэг олж авсны дараа Япон улсад 2 жил мэргэжлээрээ суралцах юм. Мөн коосэн сургалтын хөтөлбөрийн тухайд эх орондоо 1 жил хагас мэргэжлийн мэдлэг болон япон хэл суралцсаны дараа Япон улсад 3 жил суралцаж бакалаврын өмнөх зэрэгтэй болох боломжтой. Эдгээр хоёр хөтөлбөрөөр суралцсан оюутнууд аль аль нь инженер, технологийн өндөр мэдлэг, чадвартай боловсон хүчин болж бэлтгэгдэх бөгөөд ,төгсөж ирээд Монгол улсын аж үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, Монгол улсын инженер, технологийн салбарыг удирдан чиглүүлэхэд манлайлах үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.
Элчин сайд Т.Шимизү "Миний бие элчин сайдаар томилогдсон үеэс эхлэн Монгол улсын ирээдүйн хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай юм гэж үзэн энэхүү төслийг дэмжиж ирсэн . Малайзын Ерөнхий сайд асан Махатхир "Look East" буюу "Дорноос суралцах" бодлогыг манай улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж, 12000 орчим шинжлэх ухаан, инженер технологийн боловсон хүчинг Япон улсад боловсрол эзэмшүүлсэн. Өнөөдөр Майлайзын эдийн засгийг тухайн үед Японд суралцсан туршлагатай боловсон хүчин авч явж байна. Монгол улсын Засгийн газар "Инженер, технологийн дээд боловсрол"-ын төслийг хэрэгжүүлэхээр Япон улсаас 20 жилийн хугацаатай, 0,2 хувийн бага хүүтэй зээл авсан. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус та бүхэн хоёр орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсыг төлөөлөн японд суралцах өндөр хариуцлага үүрсэнээ ухамсарлах хэрэгтэй. Мөн өнөөдөр, энэхүү нээлтийн арга хэмжээ явуулж буй танхимд байгаа эд зүйлсийн дийлэнх нь импортийн бүтээгдэхүүн байгаа бөгөөд Монгол улсад үйлдвэрлэгдсэн зүйлс бараг байхгүй байна. Та бүхэн цаашид Япон улсад суралцаад энэ танхимд буй эд зүйлсийн талаас илүүг нь Монголдоо үйлдвэрлэхэд хичээл зүтгэл гаргаасай гэж хүсэх байна" хэмээн мэндчилгээндээ дурдлаа.

Төслийн танилцуулга
1. Төслийн нэр: Инженер, технологийн дээд боловсрол төсөл
2. Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан огноо: 2014.03.11
3. Төслийн өртөг: 7 тэрбум 535 сая иен
4. Төслийн агуулга:
(1) Олон улсын хамтарсан сургалтын хөтөлбөр (Хамтарсан бакалаврын хөтөлбөр, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл)
(2) Сургалт, судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэх
(3) Япон, Монголын их сургуулиудын хамтарсан судалгаа
(4) Коосэн сургалтын хөтөлбөр
(5) Төслийг дэмжих үйлчилгээ (Нарийвчилсан зураг төсөл боловсруулах, хэрэгжилтийн удирдлага гэх мэт)
5. Төслийн өртөг (Урьдчилсан байдлаар)
- (1) Төслийн нийт зардал: 8 тэрбум 150 сая иен
(2) Зээлийн нийт өртөг: 7 тэрбум 535 сая иен
(3) Зээлийн нөхцөл:
- Зээлийн хүү (үндсэн хүү): 0.2%,
Зээлийн хугацаа: 20 жил (Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 6 жил),
Төслийг дэмжих үйлчилгээний хүү (Нарийвчилсан зураг төсөл боловсруулах, нөөц зардал) : 0.01%,
Зээлийн хугацаа: 20 жил (Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 6 жил)
Худалдан авах нөхцөл: Чөлөөт худалдан авалтын нөхцөлтэй