"Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр" (JDS)- ийн
14 дэх ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ
2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэноригийн зохион байгуулж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)”-ийн 14 дэх ээлжийн оюутнуудын үдэлтийн хүлээн авалт 8 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагт Элчин сайдын өргөөнд боллоо.
Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS) нь 1999 оноос анх хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь улс эх орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулан, эх орондоо буцаж ирээд өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараа улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Эдүгээ Монголоос гадна голдуу Зүүн Өмнөд Азийн 11 улсад уг хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрөөр өнөөг хүртэл нийт 3000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
Монгол улсад анх 2001 оноос энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 244 оюутан залуус Япон улсад суралцсан байна. Үүнээс 210 оюутан төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллага, их дээд сургууль, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
Энэ удаагийн JDS хөтөлбөрийн 14 дэх ээлжийн оюутнууд Кэйогийн их сургуульд 2, Кюшюгийн их сургуульд 4, Олон улсын их сургуульд 5, Мэйжигийн их сургуульд 3, Хирошимагийн их сургуульд 2, Цүкүбагийн их сургуульд 2, нийт 18 оюутан тус бүрийн сонгосон мэргэжлээр магистрт 2 жилийн хугацаатай суралцах болно.
Энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцах оюутан залуус эх орондоо буцаж ирээд өөрсдийн салбартаа үр бүтээлтэй ажиллаж, манай хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Элчин сайд Т.Шимизү JDS хөтөлбөрийн 14 дэх ээлжийн оюутнуудын хамт