2015 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн
буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах
ёслолын арга хэмжээ
2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
8 сарын 7-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*)"-ийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх дараахь 3 төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын "Цагаан-Арал" амбулаторын өргөтгөл барих төсөл
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р цэцэрлэгийн их засварын төсөл
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 62-р цэцэрлэгийн засварын төсөл
Ёслолын үеэр Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ "Өвөрхангай аймаг болон Баянзүрх дүүрэгт хэрэгжих төслүүд нь Монгол улсын ирээдүйг авч явах хүүхэд багачуудын суралцаж буй цэцэрлэгийн засварын төсөл юм. Монголын цэцэрлэг, сургуулийн барилгууд хуучирсаны улмаас дулаан хангамжийн системийн гэмтэл, борооны дусал гоожих зэрэг олон асуудал үүссэн байдаг тул эдгээрийг засварлаж, боловсролын орчинг сайжруулах зорилготой юм. Япон улсын Засгийн газар нь "Улс орын хөгжилд боловсрол нэн чухал" хэмээх үзлийн дор "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжих төслүүдийг дэмжихийг чухалчилж ирсэн. Сүүлийн 10 жилийн хувьд нийт төслийн 77% нь боловсролын салбарт хэрэгжсэн нь үүнийг нотолж байна. Түүнчлэн Японы Засгийн газар нь Монголын улс төрийн эрх барих нам өөрчлөгдсөн ч зогсолтгүй боловсролын салбарыг дэмжсэн бөгөөд цаашид ч энэ чиглэл өөрчлөгдөхгүй юм. Баян-Өлгий аймагт амбулаторын өргөтгөл барих төсөл хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус сумын 3,500 гаруй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх орчин сайжрах юм." гэв.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен хэлэхдээ "Япон улсын Засгийн газрын тусламжаар Улаанбаатар хотоос алслагдсан манай Баян-Өлгий аймагт олон удаа "Өвсний үндэс" хөтөлбөр хэрэгжсэн билээ. Өдийг хүртэл хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн ачаар манай аймгийн олон тулгамдсан асуудлуудыг шийдэж өгсөнд гүнээ талархал илрэхийлье." гэв.
Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн "Хархорин сумын 2-р цэцэрлэгийн их засвар хийгдэхээр болсонд маш их талархаж байна. Энэхүү цэцэрлэг нь 1982 оноос хойш их засвар хийгдэж байгаагүй, мөн сүүлийн 2 жилд Монгол улсын эдийн засгийн хямралаас үүдэн Засгийн газраас боловсролын салбарт үзүүлэх санхүүжилт байхгүй байлаа. Япон улс нь 1990 оноос хойшхи Монголын хамгийн том Донор байсаар ирсэн бөгөөд ялангуяа "Өвсний үндэс" хөтөлбөрөөр орон нутгийн боловсрол, эрүүл мэндийн орчинг сайжруулахад хувь нэмэр оруулсаар ирсэн." хэмээв.
Дээрхи 3 төсөлд нийт 251,816 ам.доллар буюу ойролцоогоор 497,336,600 төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. Эдгээр 3 төсөл хэрэгжсэнээр 2015 оны Японы санхүүгийн жил (2015.04.01-2016.03.31)-д "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 14 болж байгаа бөгөөд нийт 1,117,500 ам.доллар буюу ойролцоогоор 2,160,110,560 төгрөг болох юм.
Япон улсын Засгийн газар нь Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн бүхий л боломжийг ашиглан Монгол улстай хамтран ажиллахын зэрэгцээ тус улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
(*1) Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газрууд голлон санхүүгийн тусламж үзүүлдэг.

Зүүн гар талаас Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа,
Өвөрхангай аймгийн Засаг дарга
Д.Тогтохсүрэн,
Элчин сайд Т.Шимизү,
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен
Элчин сайд Т.Шимизү, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен нар
гэрээнд гарын үсэг зурах үеэр
Элчин сайд Т.Шимизү, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар
гарын үсэг зурсны дараа
Элчин сайд Т.Шимизү, Баянзүрх дүүргийн Засаг дараг Д.Пүрэвдаваа нар
гарын үсэг зурах үеэр