Нүүр хуудас >Хөгжлийн хамтын ажиллагаа >Архив >


 

Монгол Улсад үзүүлж буй Буцалтгүй тусламжийн хоёр төслийн
Солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

 


   


5 дугаар сарын 12-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Гадаад хэргийн яаманд Япон улсын Буцалтгүй тусламжаар хэрэгжих "Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж, байгуулах төсөл", "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр"-ийн Солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.

Тус гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцсон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Японы ард түмэнд талархаж буйгаа илэрхийлээд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барих төсөл хэрэгжсэнээр олон улсын өндөр стандартын эмнэлгийг барьж байгуулж, түүнд ажиллах өндөр түвшний боловсон хүчнийг бэлтгэх боломжтой болно” хэмээн өгүүллээ.

Элчин сайд Т.Шимизү, “Монгол улсад анхны сургалтын эмнэлгийг Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд барьж байгуулахын зэрэгцээ эмнэлгийн төрөл бүрийн тоног төхөөрөмж нийлүүлнэ. Төслийн нийт өртөг 131 тэрбум 100 сая төгрөг болох бөгөөд буцалтгүй тусламжийн мөнгөн дүнгээрээ дэлхийд дээгүүр орох томоохон бүтээн байгуулалтын төсөл болж байна” хэмээгээд “Энэхүү төслийн хэрэгжилтэд хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн хүмүүсийн дэмжлэгээр Монгол улсын эрүүл мэндийн салбарын түвшинг дээшлүүлж, Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө энэхүү өндөр ач холбогдол бүхий төсөл хэрэгжихээр боллоо” хэмээн мэндчилгээндээ дурьдлаа.


Солилцох ноот бичигт гарын үсэг зурж буй Элчин сайд Т.Шимизү (Зүүн),
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн (Баруун)

 

 

1.    Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж, байгуулах төсөл
(The Project for Construction of Mongolia-Japan Teaching Hospital)

(1)  Төслийн нийт өртөг: 7 тэрбум 985 сая иен (ойролцоогоор 131 тэрбум 100 сая төгрөг)

(2)  Төслийн агуулга:

Улаанбаатар хотод Монголын анхны сургалтын эмнэлгийг Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд барьж байгуулна. Япон улсын Засгийн газар эмнэлэг барьж байгуулахын зэрэгцээ эмч нарын их сургууль төгссөний дараах сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөр болон сургалтын материалыг сайжруулах зэрэг техникийн хамтын ажиллагааг ЖАЙКА-аар дамжуулан хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү эмнэлгийн төсөл болон техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжсэнээр Монгол улсын бусад эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бүх нийтэд өгөөжтэй эмнэлгийн үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

 

2.    Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр
(The Project for Human Resource Development Scholarship)

(1)  Төслийн нийт өртөг: 245 сая иен (ойролцоогоор 4 тэрбум 100 сая төгрөг)

(2)  Төслийн агуулга:

Монгол улсын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг 18 төрийн албан хаагчыг Япон улсын их, дээд сургуулийн магистрантурт суралцуулахад шаардлагатай сургалтын төлбөр болон бусад зардлыг олгох юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2014 он хүртэл нийт 263 оюутан залуус суралцаж төгсөөд байна. Цаашид энэхүү хөтөлбөрөөр боловсрол эзэмших залуучууд ирээдүйд Монгол улсын бүхий л салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулахын зэрэгцээ, хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.