Нүүр хуудас >Хөгжлийн хамтын ажиллагаа >Архив >


 

Монгол Улсад үзүүлж буй Төслийн бус буцалтгүй тусламжийн 2 төслийн
Солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

 


   


4 дүгээр сарын 6-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Гадаад хэргийн яаманд Төслийн бус буцалтгүй тусламжийн 2 төслийн (нийт 1 тэрбум иен буюу монгол төгрөгөөр ойролцоогоор 16 тэрбум 700 сая) Солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Японы ард түмний үзүүлж буй тусламжид талархаж буйгаа илэрхийлээд “Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламж нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжих хүнд үед манай орны эдийн засгийн хөгжилд ихээхэн нэмэр оруулсаар ирсэн” хэмээлээ.

Элчин сайд Т.Шимизү “Монгол улсад үзүүлж буй Төслийн бус буцалтгүй тусламжийн тоо өнөөдрийн гарын үсэг зурсан 2 төслийг нэмээд тэмдэглэлт 20 хэмээх тоонд хүрч, төслийн нийт өртөг 21 тэрбум 350 сая иен буюу ойролцоогоор 341 тэрбум төгрөг болж байна” хэмээгээд “Өнөөдөр гарын үсэг зурсан төслийн бус буцалтгүй тусламжийн 2 төсөл Монгол улсын Засгийн газрын нэн тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой болно” хэмээн мэндчилгээндээ дурьдлаа.

 


 

 

1.    Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн бус буцалтгүй тусламж /JAPAN’S NON-PROJECT GRANT AID FOR PROVISION OF JAPANESE MEDICAL EQUIPMENT(2014)

(1)  Төслийн нийт өртөг: 600 сая иен (ойролцоогоор 10 тэрбум төгрөг)

(2)  Төслийн агуулга:

Уг төсөл, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх сумын эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлснээр орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний ялгааг арилгах зорилготой болно. Уг төслөөр Япон улсад үйлдвэрлэсэн оношлогооны болон  мэс заслын тоног төхөөрөмж, халамж, сувилахуйн болоод эмэгтэйчүүдийн эмчилгээний багаж төхөөрөмжүүд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тус тоног төхөөрөмжүүд Монголын хөдөө орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

 

2.    Орон нутагт үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн бус буцалтгүй тусламж /NON-PROJECT GRANT AID FOR PROVISION OF JAPANESE LOCAL PRODUCTS(2014)

(1)  Төслийн нийт өртөг: 400 сая иен (ойролцоогоор 6 тэрбум 700 сая төгрөг)

(2)  Төслийн агуулга:

Уг төслөөр өдрөөс өдөрт хурцадсаар буй Туул голын бохирдлын нэг шалтгаан болох үйлдвэрүүдээс гарч буй бохир усыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх болно. Уг төсөл хэрэгжсэнээр Туул голыг бохирдлоос сэргийлэхийн зэрэгцээ үнэт усны нөөцийг үр дүнтэй ашиглах боломжтой болно гэдэгт найдаж байна. Мөн уг төсөл нь цаашид ижил төрлийн асуудал тулгамдаж буй үйлдвэрүүдэд бохир ус цэвэршүүлэх төхөөрөмж ашиглах явдлыг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц өгнө хэмээн найдаж байна.