Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

2014 оны санхүүгийн жилийн Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж
болон "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн төсөлд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ


   


 

3 сарын 5-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү “Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж” болон Японы Засгын газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх доорхи 2 төсөлд тус тус гарын үсэг зурлаа.

 

1. Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж

 “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”

(Тусламжийн хэмжээ: 378,529 ам.доллар, Хүлээн авагч байгууллага: Японы Хүүхдийг Ивээх Сан, Гэрээнд гарын үсэг зурсан: Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Тоёода Мицүаки)

2. “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн их засварын төсөл”

(Тусламжийн хэмжээ: 87,218 ам.доллар, Хүлээн авагч байгууллага: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Гэрээнд гарын үсэг зурсан: Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг)

 

Ёслолын үеэр Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ “Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн барилга хуучирч ялангуяа дээвэр нь муудан, хүүхэд багачууд чанартай орчин нөхцөлд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгаа гэж сонслоо. Хүүхдүүд орчин нөхцөл бүрдсэн цэцэрлэгт явах боломж олдоно гэдэгт итгэж байна. Мөн Японы Хүүхдийг Ивээх сантай гарын үсэг зурсан “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх төсөл” нь бага боловсролын сургуульд суралцдаг хүүхдүүдэд чиглэсэн заах арга зүйг сайжруулах төсөл бөгөөд сурган хүмүүжүүлэгч, эцэг эх ба хүрээлэн буй нийгмийн зүгээс хүүхдийн өсөлтөд нийцсэн орчинг бүрдүүлэхийг зорьсон үйл ажиллагаа гэж ойлгож байна. Өнөөдөр гарын үсэг зурсан энэхүү 2 төсөл амжилттай хэрэгжиж, хүүхэд сурагчид илүү таатай орчинд сурч боловсрох болно хэмээн бат итгэж байна.” гэв.

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хэлэхдээ “Хаврын эхэн сарын шинийн 15 хэмээх энэхүү билэгт сайн өдөр гарын үсэг зурсандаа туйлын их баяртай байна. Өнөөг хүртэл Хан-Уул дүүрэг нь “Өвсний үндэс буцалтгүй тусламж хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 715 сая төгрөгийн тусламж хүртсэн билээ. Буцалтгүй тусламж хүртсэнээр хүүхэд сурагчид илүү таатай орчинд сурч байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Элчин сайд тэргүүтэй ЭСЯ-ны ажилчид болон Японы ард түмэнд хувийн зүгээс болон Дүүргийн иргэдийн өмнөөс гүнээ талархал илэрхийлье.” гэж хэлэв.

 

Мөн Японы Хүүхдийг Ивээх сангийн дарга Тоёода Мицүаки нь “Энэхүү төсөл нь жил бүр шинээр бага сургуульд элсэн орж байгаа янз бүрийн амьдралтай нэгдүгээр ангийн сурагчдын хэрэгцээг хангахын тулд сургуулийн зүгээс эцэг эх, хүрээлэн буй нийгэмтэй хамтарч ажиллан, нийтээрээ дэмжиж сургуулийн тогтолцоог бий болгохыг зорьж байна. Энэхүү төслөөр дамжуулан сургуулийн өмнөх боловсрол эзэмшээгүй зэрэг хязгаарлагдмал орчинд өссөн хүүхдүүд анх хөл тавьж байгаа олон нийтийн буюу бага сургуулийн орчинд төвөггүй дасан зохицож, сурч боловсроход шаардлагатай “Суралцах чадвар”-ыг хөгжүүлэн, чанартай боловсрол эзэмшүүлэхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг хурдацтай өсч байгаа хэдий ч хөгжлөөс хоцорч буй хүмүүс ч бас байна. Бид бүхэн энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан Монголын маргаашийг үүрэх хүүхэд багачуудын ирээдүйг нь бага ч болтугай гэрэл гэгээтэй болгохын тулд хичээнгүйлэн зүтгэх болно.” хэмээв.

Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн төсөл нь 2014 оны санхүүгийн жилд (2014.04.01-2015.03.31) “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй 20 дахь төсөл болж байгаа бөгөөд нийт тусламжийн хэмжээ 1,799,210 ам.доллар буюу ойролцоогоор 3,375,942,905 төгрөг болж байна.

 (*1) “Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж” нь хөгжиж буй орон болон бүс нутагт Японы Төрийн бус байгууллагуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд Япон улсын Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлдэг хөтөлбөр юм.

 

 

Элчин сайд Такэнори Шимизү болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг ба
холбогдох хүмүүс

 

Элчин сайд Шимизү Такэнори, Японы Хүүхдийг Ивээх сангийн дарга Тоёода Мицүаки болон төслийн холбогдох хүмүүс