Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

2014 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн
төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ


   


 

3 сарын 11-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*1)”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р сургуулийн их засварын төсөл”, “Баянхонгор аймагт Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйлчилгээний байр барих төсөл (*2)” болон “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол дахь “Өсвний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хувьд боловсролын салбар төдийгүй нийгмийн асуудлыг мөн анхаардаг бөгөөд энэ удаа гарын үсэг зурсан 3 төслийн 2 нь боловсролын орчинг сайжруулах төсөл ба 1 нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйлчилгээний байр барих төсөл болно.


Ёслолын үеэр Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ “Өнөөдөр гарын үсэг зурсан төслүүдийн хувьд хуучирч муудсаны улмаас олон асуудал үүсээд байгаа сургуулиудын асуудлуудыг шийдэж, сурагчдын боловсролын орчинг сайжруулах төслүүдээс гадна Гэр бүлийн хүчирхийлэл гэх нийгмийн асуудлаас хохирогчдыг шууд хамгаалах байр барих төсөл хэрэгжүүлэх билээ. Энэ төслийн хувьд олон улсын байгууллага, орон нутгийн захиргаа, төрийн бус байгууллагууд хамтран нийгмийн асуудалтай тэмцэж байгаагаараа сайн жишээ үзүүлэх юм. гэв.


Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан “Өнөөдөр Баянхонгор аймгийн хувьд томоохон хөрөнгө оруулалт бүхий гэрээнд гарын үсэг зурсандаа баяртай байна. Эх хүүхдүүдийг хамгаалах байр барьж нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэн, мөн хүүхдүүдийн ирээдүйд чухал ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх болсонд Японы ард түмэн, Шимизү Элчин сайд болон Японы Элчин сайдын яамны нийт ажилтануудад гүнээ талархал илэрхийлье.” хэмээв.


Дээрхи 3 төсөлд нийт 250,993 ам.доллар буюу ойролцоогоор 495,711,175 төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо. Эдгээр 3 төсөл хэрэгжсэнээр 2014 оны Японы санхүүгийн жил (2014.04.01-2015.03.31)-д “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 23 болж байгаа бөгөөд нийт 2,050,203 ам.доллар буюу ойролцоогоор 3,871,654,080 төгрөг болох юм.


Япон улсын Засгийн Газар нь Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн бүхий л боломжийг ашиглан Монгол улсад тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллахын зэрэгцээ тус улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

 

 

(*1) Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газрууд голлон санхүүгийн тусламж үзүүлдэг.

 

(*2) Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйлчилгээний байр “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан болно.

 

 

 

Элчин сайд Такэнори Шимизү болон Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан
нар
төслүүдийн гэрээнд гарын үсэг зурав

 

Элчин сайд Т.Шимизү, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон
төслүүдийн холбогдох хүмүүс