Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

2014 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн
буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ



 

 

 

2 сарын 4-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, 7 аймгийн Засаг дарга нарын хамт “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх доорхи 7 төсөлд гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайд Төмөрбаатар хүрэлцэн ирсэн.

    - “Ховд аймгийн Жаргалант сумын "Цаст-Алтай" цогцолбор сургуулийн засварын төсөл” (Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан)

    - “Хэнтий аймгийн Дархан сумын сургуулийн их засварын төсөл” (Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар)

    - “Сэлэнгэ аймгийн Түшиг сумын сургуулийн засварын төсөл” (Сэлэнгэ аймгийн Засаг дарга С. Бүрэнбат)

    - “Архангай аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн дотуур байрны их засварын төсөл” (Архангай аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ)

    - “Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Эрдмийн Далай" цогцолбор сургуулийн дотуур байрны их засварын төсөл”
    (
    Дундговь аймгийн Засаг дарга С. Од-Эрдэнэ)

    - “Дархан-Уул аймгийн Шарынгол сумын 2-р сургуулийн засварын төсөл” (Дархан-Уул аймгийн Засаг дарга С. Насанбат)

    - “Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуулийн дотуур байрны их засварын төсөл” (Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн)

 

Ёслолын үеэр Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ “Япон улсын Засгийн газар нь Монгол орныг ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш ялангуяа боловсролын салбарт анхаарлаа хандуулж тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хувьд ч Монгол оронд хэрэгжүүлсэн нийт төслийн 60-аас илүү хувь буюу 289 төслийг боловсролын салбарт хэрэгжүүлсэн бөгөөд үүнээс гол онцлох зүйл бол боловсролын салбарын 70-аас илүү хувийг хөдөө орон нутагт хэрэгжүүлснийг дурьдаж болно. Боловсролын салбар нь эргэлзээгүй улс, орон нутгийн ирээдүйг авч явах боловсон хүчинг бэлдэх нэн тэргүүний чухал салбар мөн билээ. 7 аймгийн Засаг дарга нартай гэрээнд гарын үсэг зурсандаа туйлын их баяртай байна гэв.

 

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайд Я.Төмөрбаатар “Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний Үндэс” хөтөлбөр 1990 онд анх хэрэгжсэнээс хойш  Монголын бүх аймагт хэрэгжүүлсэн бөгөөд өдийг хүртэл олон сургуулиудын өргөтгөл болон засвар хийж ирсэн билээ. Япон улсын Засгийн газар нь боловсролын салбарт анхаарлаа хандуулж шинэ сургууль барих, оюутан болон төрийн албан хаагчийг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэж, боловсролын салбарт Япон улс нь Монгол улстай хамгийн ойр түнш гэж хэлж болно. Ийм үлэмж хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлье.” хэмээв.

 

Энэ өдөр гарын үсэг зурсан буцалтгүй тусламжийн 7 төслийн нийт дүн 623,199 ам.доллар буюу ойролцоогоор 1,209,006,060 төгрөг болж байна.

 

Элчин сайд Такэнори Шимизү, БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатар болон Засаг дарга нар

 


Элчин сайд Такэнори Шимизү болон Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан
нар гэрээнд гарын үсэг зурах үеэр