Япон улсын Засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн
2 төслийн солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа
Япон улсын Засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн
2 төслийн солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа
12 дугаар сарын 17-ны өдөр, Монгол улсын Гадаад хэргийн яаманд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Монгол-Японы сургалтын эмнэлэгийг барьж байгуулах төсөл (Нарийвчилсан зураг төсөл)” болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн төслийн солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар оролцлоо.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж, байгуулах төслийг хэрэгжүүлснээр олон улсын өндөр стандартын эмнэлгийг түүнд ажиллах өндөр түвшний боловсон хүчний хамт цогцоор нь шийдвэрлэх боломжтой болно. Уг эмнэлэг баригдсанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болж байгаагаараа онцгой ач холбогдолтой”, мөн “Тус төсөл хэрэгжсэнээр манай улсын инженерийн салбарын шинэчлэлийг түргэтгэх, оюутнуудын сурах нөхцлийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад ач холбогдолтой болох юм” хэмээн дурьдлаа.
1. Буцалтгүй тусламжаар хэрэгжих “Монгол-Японы сургалтын эмнэлэгийг барьж, байгуулах төсөл” (Нарийвчилсан зураг төсөл)(Төслийн нийт өртөг 141 сая иен)
Энэ төслийн хүрээнд Монголын анагаахын салбарын чадварлаг боловсон хүчинг бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилго бүхий анхны их сургуулийн харъяа эмнэлэгийг Улаанбаатар хотод шинээр барьж байгуулахад шаардлагатай нарийвчилсан зураг төслийг боловсруулах санхүүжилтийг олгох юм. Уг төсөл хэрэгжсэнээр анагаах ухааны боловсролд нэн шаардлагатай эмнэл зүйн боловсрол олгох үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэж, боловсон хүчнийг үр дүнтэй бэлтгэх боломжтой болохын зэрэгцээгээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
2. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламж (Төслийн нийт өртөг 200 сая иен)
Уг төслийн бус буцалтгүй тусламж нь Японы жижиг, дунд үйлдвэрийн дэвшилтэт техник, технологи болон бараа бүтээгдэхүүнийг хөгжиж буй орны хөгжил, цэцэглэлтэд үр бүтээлтэй ашиглах зорилготойгоор хэрэгжүүлж буй төсөл юм. Энэ удаа Монгол улсад хэрэгжүүлэх төслийн бус буцалтгүй тусламжаар 2014 оны 9 дүгээр сард байгуулагдсан Монгол улсын ШУТИС-ын харъяа Коосэн загварын Технологийн Дээд Сургуулийн сургалтанд шаардлагатай олон төрлийн тоног төхөөрөмжийг Японы үйлдвэрлэгчидээс нийлүүлнэ.
Коосэн загварын Технологийн Дээд Сургуульд суралцаж буй оюутнууд Япон улсын Засгийн газрын дэмжлэгээр энэ жилээс хэрэгжиж эхэлсэн “Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төсөл”-ийн шугамаар Япон улсад суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд уг төслийн бус буцалтгүй тусламж болон дээрх хөнгөлттэй зээлийн төсөл нь харилцан уялдаа холбоотой болсноор илүү үр дүн гарна гэдэгт найдаж байна.