Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >“Япон улсын иенийн хөнгөлттэй зээлээр хэрэгжих "Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих" төслийн нээлтийн арга хэмжээний хэвлэлийн бага хурлын үеэр ”


 

Япон улсын иенийн хөнгөлттэй зээлээр хэрэгжих
"Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих" төслийн
нээлтийн арга хэмжээний хэвлэлийн бага хурлын үеэр
Элчин сайд Такэнори Шимизүгийн хэлсэн үг

(2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Пума зочид буудал)


   

   Өнөөдөр Япон улсын иенийн хөнгөлттэй зээлээр хэрэгжих “Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих” төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг эхлүүлэх болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулж буйд туйлын баяртай байна. Мөн Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүст өнөөг хүртэл дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэн баяр хүргэе.


   Энэ удаагийн иенийн хөнгөлттэй зээлийн ач холбогдлын талаарх өөрийн бодлоосоо та бүхэнтэй цухас хуваалцья.
Японд улс орны хөгжил хүний хөгжлөөсөө хамааралтай хэмээх үг байдаг. Тэр утгаараа Япон улсын Засгийн газар Монгол улсад өрнөсөн 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монголын боловсролын салбарт түлхүү тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн.


   Боловсролын салбар дахь тусламж дэмжлэгийг ерөнхийд нь хоёр том хэсэгт хуваадаг. Нэгдүгээрт, хүний нөөцийг хөгжүүлэх буюу Япон улсад оюутан залуусыг суралцуулах хөтөлбөр юм. Хоёрдугаарт сургалтын таатай орчин бүрэлдүүлэх хамтын ажиллагаа юм. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсад шинээр 55 сургууль барьж өгсөн бөгөөд эдгээр сургуулиудад өнөөгийн байдлаар ойролцоогоор 60 гаруй  мянган хүүхэд багачууд суралцаж байна.

    Мөн та бүхний мэдэж байгаачлан “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хүрээнд өнөөг хүртэл голдуу хөдөөгийн 300 гаруй сургуулийн барилгыг засаж сайжруулахын зэрэгцээгээр шинээр хүүхдийн цэцэрлэгүүдийг барьж хүлээлгэн өгсөн билээ.


   Энэ удаагийн иенийн хөнгөлттэй зээлийн төсөл нь дээр дурьдсан боловсролын салбар дахь тусламж дэмжлэгийн эхний хэсэг болох хүний нөөцийг хөгжүүлэх, Япон улсад оюутан залуусыг суралцуулах хамтын ажиллагаанд багтаж байгаа юм. Дашрамд дурьдахад Малайзын Ерөнхий сайд асан Махатхир Мохамадын хэрэгжүүлсэн “Look East” буюу “Дорноос суралцах” бодлогыг би хувьдаа маш их үнэлж явдаг бөгөөд Монгол улсад ч гэсэн энэ үзэл санааг хэрэгжүүлэх юмсан гэж бодож явсан юм.


   Ерөнхий сайд Махатхир нь энэхүү бодлогынхоо хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарын боловсон хүчин бэлтгэхдээ өөрийн орны Засгийн газрын санхүүжилтээс гадна, Япон улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн санхүүжилтийг ашиглан хүний нөөцөө хөгжүүлсэн бөгөөд өнөөг хүртэл 10 мянга гаруй боловсон хүчнийг бэлтгэж иржээ.


   Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөрийн хэлсэнчлэн инженер, технологийн боловсон хүчин бэлтгэж, аж үйлдвэрийг хөгжүүлэн, улмаар экспортыг бага ч гэсэн нэмэгдүүлэх нь Монгол улсын ирээдүйн хөгжилд нэн чухал юм.
Энэхүү зээлийн төсөл нь Монголын улс хөгжин дэвжихэд хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд Монгол улсын Засгийн газрын шийдвэрт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.


   Анхаарал тавьсанд баярлалаа. 

 


 

 


Хэвлэлийн бага хурлын үеэр




БШУ-ны сайд Л.Гантөмөр,  Элчин сайд Т. Шимизү