Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >2013 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй туслажмийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

 

2013 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

 

   2 дугаар сарын 18-ны өдөр, Элчин сайд Такэнори Шимизү, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ болон Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх доорхи 5 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 

 

   Гарын үсэг зурсан 5 төсөл нь сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн барилгыг засварлах төсөл бөгөөд нийт тусламжийн өртөг 491,068 ам. доллар буюу ойролцоогоор 849,547,640 төгрөг болж байна.

 

   Ёслолын үеэр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэлэхдээ “Япон улс Монгол улсын хамгийн хүнд хэцүү үед туслаж ирсэн. Ялангуяа Өвсний Үндэс хөтөлбөр нь хөрөнгө мөнгөний хүрэлцээ муутай, алслагдсан сумдуудын нийгмийн салбарын асуудлыг шийдвэрлэдэг. Тиймээс 5 аймгийнхаа ард иргэдийг төлөөлж, бидний хүсэн хүлээж байсан сайхан төсөл хэрэгжүүлэх гэж байгаад японы ард түмэн болон Япон улсын Элчин сайдын яамны хамт олонд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.” хэмээв.

 

   Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэлэхдээ “Япон улсын ард түмнээс үзүүлдэг Өвсний үндэс хөтөлбөр олон жилийн туршид үр дүнгээ өгч ирлээ. Хэнтий аймгийн хувьд 1999 оноос эхлэн 15 төсөл хэрэгжсэн.  Эрүүл мэнд болон боловсролын салбарт төсөл хэрэгжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлдэг Японы ард түмэн болон Япон улсын Элчин сайдын яамны хамт олонд нийт Хэнтийчүүдийнхээ өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.” хэмээв.

 

   Эцэст нь Элчин сайд Т.Шимизү “Сүүлийн үед нийслэл Улаанбаатар хотод хүн ам хэт их төвлөрч байгаад харамсдаг. Орон нутгаас хөврөх хүн амын урсгалыг зогсоохын тулд орон нутгийн нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал юм. Монголын 5 сумдад хэрэгжих эдгээр төсөл нь тухайн сумын боловсрол, эрүүл мэндийн орчинг сайжруулж, улмаар хүмүүсийн амьдрал улам дээшилж, Монголын орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.” хэмээв.

 

   Дээрхи 5 төслийг хэрэгжүүлснээр 2013 оны санхүүгийн жилд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн тоо 23 болж байгаа бөгөөд нийт 2,356,824 ам. доллар буюу ойролцоогоор 3,959,578,850 төгрөг болох юм.

 

 

          

  Элчин сайд Шимизү болон 5 аймгийн засаг дарга нар
/зүүн талаас Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен/