“Жүдогийн боловсролын нэгдэл” -ээс Монголын Жүдогийн Холбоонд жүдогийн кимоно бэлэглэв

Бэлгийн кимоног Жүдо бөхийн холбоонд гардуулах ёслолын ажиллагаа 2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Японы Элчин сайдын яаманд боллоо.
Уг арга хэмжээнд Монголын талаас Олон Улсын Жүдогийн Холбооны Энх тайвны хорооны дэд тэргүүн бөгөөд МЖХ-ны дэд ерөнхийлөгч Б. Пагва, МЖХ-ны нарийн бичгийн дарга М. Бөхбат, 2008 оны Бээжингийн олимпийн аврага Н. Түвшинбаяр, 2009 оны жүдо бөхийн ДАШТ-ний аврага Х. Цагаанбаатар, Японы талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Такүо Кидокоро, холбогдох бусад хүмүүс оролцлоо.
Элчин сайд Такүо Кидокоро хэлсэн үгэндээ “Өнөөдөр та бүхний гарт очсон жүдогийн өмсгөл, та бүхний бэлтгэл сургуулилтыг улам сонирхолтой болгож, ирээдүйд дэлхийд нэрээ дуурсгах Монголын жүдочид улам олон болохыг бид хүсэн хүлээж байна. Цаашид ч жүдогоор дамжуулан, Япон Монголын соёлын харилцаа улам өргөжин гүнзгийрэх болтугай” хэмээн хэлэв.
Мөн түүнчлэн тус ТББ-ын тэргүүн Ямашита Ясүхиро уг арга хэмжээнд зориулан илгээсэн захидалдаа “Жүдо бол ялалт ялагдлыг илүүд үзэх спорт биш юм. Жүдо бол жинхэнэ хүнийг бий болгодог спорт юм. Дэлхийн олон улс оронд энэ бүгдийг сайтар ойлгож, жүдогоор хичээллэх хүн их болжээ. Тэдгээр хүмүүсийг хүндэтгэхийн зэрэгцээ жүдог дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэх болно гэдэгээ хэлмээр байна. Та бүхний гарт хүрсэн жүдогийн өмсгөлөө өмсөн, жүдотой улам дотно нөхөрлөж, жүдо дахь сэтгэл оюуныг өөрийн болгон эзэмшиж авбал би маш ихээр баярлах болно. Цаашид ч жүдогийн арга хэмжээ олноор зохиогдон Япон, Монгол улсын хамтын ажиллагаа улам өргөжин дэвжихийг сэтгэлийнхээ гүнээс хүсэн ерөөж байна.” хэмээжээ.
Цаашид ч жүдогоор төдийгүй төрөл бүрийн спортоор дамжуулан хоёр орны соёлын харилцаа улам хөгжих болно хэмээн найдаж байна.