>Элчин сайд Кидокоро "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулиар зочиллоо.
Элчин сайд Кидокоро "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулиар зочиллоо.
5 дугаар сарын 5-ны өдөр Элчин сайд Кидокоро Улаанбаатар хотын "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулиар зочиллоо.
Япон хэв шинжийн тус сургууль нь Монголд анхны 3 жилийн сургалттай ахлах сургууль болон 2000 онд үүд хаалгаа нээжээ.
Тухайн үед дэлхийн хөгжингүй орнуудын боловсролын тогтолцооноос ялгагдах 10 жилийн ерөнхий боловсролын тогтолцоотой байсан (2004 оноос 11 жил, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд тус тус шилжсэн) монголын хүүхэд залууст бүрэн дунд боловсролын хичээлийн жилийн зөрүүгээс болон гадаадын их дээд сургуульд элсэн ороход хүндрэлтэй байдаг байлаа. Энэ байдлыг өөрчилөхөөр Японд суралцаж байсан Ж. Галбадрах захирал дэлхийн жишигт нийцсэн Япон хэв шинжийн ахлах сургуулийн тогтолцоог Монголдоо нэвтрүүлж, чадварлаг боловсон хүчнийг бэлдэх замаар эх орнынхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах гэсэн чин хүсэлтэйгээр Японы төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийнхэний дэмжлэгтэйгээр Шинэ Монгол сургуулийг байгуулжээ.
Суралцагсад Япон, Орос хэлээс сонгон суралцах боломжтой ба тус сургуулийн нийт 520 гаруй сурагчид Япон хэлийг сонгон суралцаж байна. Төгсөгчидийн дийлэнхи нь Япон болон АНУ, Орос зэрэг орнуудад үргэлжүүлэн суралцаж байгаа гэнэ.
Элчин сайд Кидокоро сургууль, сурагчдийн хичээл хийж байгаатай танилцсаны дараа сурагчидтай хийх уулзалтад оролцлоо. Сурагчид Элчин сайдад зориулан үндэсний хөгжим тоглож, бүжиг бүжиглэж сонирхуулсан ба мөн Япон дуу дуулж халуун дулаанаар угтан авсан билээ. Элчин сайд сурагчдад хандан хэлсэн үгэндээ: "Танай сургуульд ирээд яг л Япон сургуульд ирсэн мэт сэтгэгдэл төрлөө. Япон хэлийг суралцаж байсан хүмүүс дотор одоогийн Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд Жигжид гэх зэрэг Япон, Монголын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа олон хүмүүс байдаг, сурагчид та бүхний дундаас ч тэдний адил чадварлаг боловсон хүчин төрнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Эцэст нь сурагчид Элчин сайдаас Элчин сайдын нэг өдрийн тухай болон Монголын талаарх сэтгэгдэл, Япон, Монгол хоёр орны харилцааны тухай гэх мэтчлэн янз бүрийн асуултыг япон төдийгүй англи, орос хэлээр асууж сонирхож байлаа.