2008 оны санхүүгийн жилийн “Оршин суугчдын хөгжлийг дэмжих буцалтгүй тусламж”-д холбогдох нот бичигт гарын үсэг зурав
6-р сарын 24-ний өдрийн 11 цагт манай улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Кидокоро Такүо болон НҮБ-ын UN Habitat /хүн амын нутгийн суурьшлийн хөтөлбөр/-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн газрын дарга Нода Тошиясү нар “Оршин суугчдын хөгжлийг дэмжих буцалтгүй тусламж”-д холбогдох нот бичигт гарын үсэг зурлаа. Буцалтгүй тусламжаар олгогдож буй мөнгөн дүн нь 561 сая иен буюу төгрөгөөр бол 8 тэрбум болох юм.
“Оршин суугчдын хөгжлийг дэмжих буцалтгүй тусламж” нь 2006 оны санхүүгийн жилээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн Оршин суугчдын ядуурал, өлсгөлөн болон халдварт өвчин зэрэг хүний амь нас, амьдралын аюулгүй орчинд заналхийлэх асуудлуудтай тэмцэх ерөнхий чадамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм. Энэ удаад энэхүү тусламжийг Монгол улсад анх удаа үзүүлэх гэж байна. Тус тусламжийг Улаанбаатар хотын хөдөө орон нутгаас хүмүүс олноороо шилжин суурьшиж буй, ядуу өрх олонтой 5 гэр хороололд үзүүлэх болно. Эдгээр гэр хорооллын өрхүүд санхүүгийн бололцоо байхгүй бөгөөд тус хорооллууд нь нийгмийн суурь үйлчилгээ хангалтгүй, дэд бүтэц хөгжөөгүй болно. Энэхүү байдлыг сайжруулахын тулд тухайн хорооллын оршин суугчдын эвлэл зэргийн үйл ажиллагааны чадамжийг дээшлүүлсэний үндсэн дээр ерөнхий дэд бүтцийг хөгжүүлж, цаашид тогтвортойгоор бие даан хөгжих чадвартай амьдралын таатай орчныг бий болгохыг зорьж буй юм.