Буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих 6 төслийн холбогдох нот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа

Төслийн бус буцалтгүй тусламж нь Монгол улсын эдийн засгийн бүтцийг сайжруулах үйл явцад тус нэмэр болох зорилгоор 1991 оноос хойш 13 дахь удаагаа хэрэгжиж байна. Энэ удаад нэг тэрбум хоёр зуун сая иенийг олгож байгаа бөгөөд, төслийн бус буцалтгүй тусламжаар өнөөг хүртэл нийтдээ 18.6 тэрбум иенийг хандивласан байна. Энэхүү мөнгө нь эхний ээлжинд нефтийн бүтээгдэхүүн зэрэг Монгол улсад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулагдаж, улмаар Монгол улсын засгийн газар энэхүү бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл дээр борлуулсан мөнгөөр хуримтлалын орлогын сан үүсгэнэ. Энэ удаагийн хуримтлалын орлогын сангийн хөрөнгийг боловсрол болон хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулахаар төлөвлөж байна. Дэлхийн эдийн засгийн байдал улам хүндэрч буй өнөө үед Монгол улсын хувьд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад дэмжлэг үзүүлсэнээр Монгол улсын эдийн засгийг цаашид эрүүл, хэвийн байлгах явдалд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.
Соёлын буцалтгүй тусламжаар “Хархорум музей барих төсөл” болон “Хүүхэлдэйн театрын дуу, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл” хэрэгжих гэж байна. 2007 оны 9-р сард “Биет ба биет бус соёлын өвийг хадгалан хамгаалах” гэсэн сэдвээр Япон Монголын хамтарсан соёлын гуравдугаар чуулган зохион байгуулагдсан бөгөөд Хархорум музей нь соёлын үнэт өвийг хадгалах тал дээрх Япон Монгол хоёр орны хамтын ажиллагааны нэгэн илрэл болно хэмээн найдаж байна. Мөн энэхүү төслийн хүрээнд хүүхэлдэйн театрын тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэнээр хүүхэлдэйн театрын цаашдын үйл ажиллагаа идэвхжиж, Монголын хүүхэд залуучуудын боловсрол болон Монголын соёлын салбарт хөгжил дэвшил авчрахад томоохон үүрэг гүйцэтгэх биз ээ.
Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Улаанбаатар хотод төмөр замын гүүрэн гарц барих төсөл”, “ЕБС-ийн барилга барих 4 дэх шатны төсөл” мөн “Дархан хотын усан хангамжийн байгууламжийг сайжруулах төсөл”-ийн нарийвчилсан зураг төслийг боловсруулахаар шийдээд байгаа бөгөөд энэхүү зураг төслийн үр дүнг үндэслэж энэ жилдээ багтаан дээрх төслүүдийг бодитоор хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байна.