“ЕБС-ийн барилга, өргөтгөлийн 3 дахь шатны төсөл”-ийн 3 дугаар үе, хичээлийн шинэ байрны нээлт
Манай улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “ЕБС-ийн барилга, өргөтгөлийн 3 дахь шатны төсөл”-ийн 3 дугаар үе дуусч, 3 сарын 11-ний өдөр Ирээдүй цогцолбор сургууль дээр, 3 сарын 13-ны өдөр 106-р сургууль дээр тус тус хичээлийн шинэ байрны нээлтийн ажиллагаа зохион байгуулагдав. 106-р сургуулийн нээлтэн дээр Ерөнхий сайд С.Баяр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд H.Болормаа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч T.Билэгт болон Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Я.Ичихаши нар оролцож, нээлтийн ажиллагаа өргөн дэлгэр болж өнгөрөв. Дээрх төслийн 3 үе хэрэгжиж дууссанаар Улаанбаатар хотын 14-р сургууль, 33-р сургууль, Ирээдүй цогцолбор сургууль, Голомт цогцолбор сургууль болон энэхүү 106-р сургууль нийт 5 сургуулийн хичээлийн шинэ байр бий болсон юм.
Манай улс нь 1999 оноос ЕБС-ийн өргөтгөл барих “ЕБС-ийн барилгыг сайжруулах 1 дэх шатны төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэн, “ЕБС-ийн барилгыг сайжруулах 2 дахь шатны төсөл”-ийг мөн хэрэгжүүлж өдгөө “ЕБС-ийн барилгыг сайжруулах 3 дахь шатны төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Дээрх 5 сургуулийг хамруулаад өнөөг хүртэл Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймгуудын нийт 40 сургуульд 485 анги танхим шинээр барьж байгуулсан. Мөн 2008 онд төслийн 4 дэх шатыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотод 3 сургууль шинээр барьж байгуулах төлөвлөгөөтэй байна.
Хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлнэ гэдэг бол Монголын ирээдүйг бүтээж буй явдал мөн. Манай улсын Монгол улсад үзүүлж буй тусламжийн үндсэн 4 чиглэлийн дотор “Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд үзүүлэх тусламж” багтаж байгаа бөгөөд цаашид ч Монгол хүний боловсрол, боловсон хүчний чанарыг сайжруулж, чадварыг дээшлүүлэхийн төлөө энэхүү тусламжийн хөтөлбөрийг идэвхтэйгээр үргэлжлүүлэх болно.