Монголд үзүүлэх иений хөнгөлөлттэй зээлээр шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төслийн талаарх урьдчилсан мэдээ
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Я.Ичихаши 1 сарын 17-ны өдөр ерөнхий сайд С.Баяртай уулзаж, урьд Монгол улсын засгийн газраас хүсэлт гаргаад байсан шинэ олон улсын нисэх онгоцны буудал байгуулах төслийг хэрэгжүүлэх зээлийг олгох асуудалтай холбогдуулан Манай улсаас Монгол улсад 28 тэрбум 807 сая иений хөнгөлөлттэй зээлийг үзүүлэхээр шийдвэрлэсэн талаар уламжиллаа. Мөн Элчин сайд Я.Ичихаши 1 сарын 18-ны өдөр Монгол улсын Гадаад хэргийн яамнаа Гадаад хэргийн сайд С.Оюун болон Зам тээвэр, аялал жуулчлалын яамны тээврийн газрын дарга н.Наранпүрэв нарын хамтаар энэ удаагийн иенийн хөнгөлөлттэй зээлийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэхүү төлөвлөгөө нь Улаанбаатарт шинэ нисэх онгоцны буудал байгуулж, нийслэл хотын нисэх онгоцны буудлын аюулгүй, найдвартай байдлыг дээшлүүлэхийн сацуу, тохь тухтай байдлаар хангаж өгсөнөөр Монгол улсын цаашдын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Уг хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь:
- Зээлийн хүү: 0.2 хувь
- Зээлийн эргэн төлөгдөх хугацаа: 40 жил. Үүнд эхний 10 жил зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
- Зээлийн төслийг хэрэгжүүлэхдээ тодорхой хэмжээний бараа үйлчилгээг Японоос нийлүүлэх нөхцөлтэй.
Японы засгийн газар Монгол улсыг ардчилал, зах зээлийн эдийн засгийн системд шилжин орсоноос хойш өнөөг хүртэл төмөр замыг засан сайжруулах ажил, IV цахилгаан станцын засварын ажил зэрэгт зориулан нийт 9 удаагийн, 39 тэрбум 100 сая иений хөнгөлөлттэй зээлийг олгож ирсэн бөгөөд энэ удаагийн хөнгөлөлттэй зээл нь өнөөг хүртэлх эдгээр зээлийн нийт хэмжээний 70 гаруй хувьтэй тэнцэх том зээл болж байгаа юм.
Цаашид манай улс болон Монгол улсын засгийн газрууд уг хөнгөлөлттэй зээлийн талаарх нот бичигт гарын үсэг зурах болно.